Өнгөрсөн 2023 оны зун нийслэл хотод бороо их орсны улмаас олон айл өрх, аж ахуй нэгж үерт автсаныг олон нийт мэдэж байгаа.
Ус цаг уур орчны газрын мэдээлснээр зургаадугаар сарын 1 болон 2-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орох магадлал өндөр. Зургаан сарын 4-нд баруун аймгийн нутгаар болон нутгийн баруун хагаст, 5-нд Төв болон нутгийн зүүн хэсгээр бороотой сэрүүхэн байх төлөвтэй. Зургадугаар сар дунд арван хоногтоо харьцангуй хур тунадас багатай олон жилийн дунджаас дулаахан байх учраас халалтаас үүдсэн гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж ажиглагдаж байна гэв. Гуравдугаар арван хоногтоо ихэнх нутгийг хамарсан бороотой сэрүүхэн өдрүүд үргэлжлэх магадлалтай. Иймээс гол усны төвшин нэмэгдэнэ гэсэн юм. Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар болон улсын онцгой комис үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон үерийн үед авах арга хэмжээ хөтөлбөрийг гаргаж ажиллаж байгаа юм.
Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өнгөрсөн зун маш их үер болж олон айл усанд автсан. Тиймээс энэ нөхцөл байдлыг дахин давтахгүйн тулд тодорхой төлөвлөгөө гаргаж зохион байгуулалт хийж байна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч байгаа. Үерийн далан хааж барьсан барилга байгууламжийг буулгаж даланг хүчитгэх ажил хийж байна. Улаанбаатарт 50 байршилд ус тогтдог. Үүнээс 22 байршлыг засварлаж шинэчлэн 12 км газарт шугам хоолой засварлах ажил явагдаж байна.
Үлдсэн 25 байршлын зургийг гаргаж ирэх жил төсвийг нь хуваарилж шат дараатай хийнэ. Мэргэжлийн байгууллагууд томоохон хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөмж гаргаж үер болоход төрийн байгууллагууд ямар зохион байгуулалтаар ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Улаанбаатарын долоон дүүрэгт үерийн эрсдэлтэй бүсэд 2060 гаруй айл бий. Үүнээс 460 орчим айл зөвшөөрөлгүй. Газар зохион байгуулалтын албанаас долоон дүүргийн 15 байршилд 620 гаруй айлыг нүүлгэн шилжүүлэх боломжтой гэсэн судалгааг гаргасан. Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхийг дээрх эрсдэлгүй бүсэд нүүх албан мэдэгдлийг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт ноднин үерт автсан БЗД-ийн Дарь-Эхийн гурван хороон дээр ажиллалаа. Тэнд 600 орчим айл үерийн эрсдэлтэй бүсэд байгаа. Эдгээрээс 100 гаруй өрх зөвшөөрөлгүй буусан байна. Эдгээр айлыг мөн нүүх мэдэгдлийг хүргүүлээд байна” хэмээсэн.
Өнгөрсөн жил үерт өртсөн айлуудад зааж өгсөн газар нь тог цахилгаангүй алслагдсан газар байсан. Тиймээс айлууд нүүж буухгүй, нүүлгэн шилжүүлсэн ч буцаж нүүх тохиолдол гарчээ. Энэ жилийн хувьд суурьшлын бүсэд газар олгосон байна. Тиймээс нүүх мэдэгдэл хүргүүлсэн айлууд тухайн зааж өгсөн эрсдэлгүй газарт нүүж буухыг анхаарууллаа.
ОБЕГ-ын ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга хурандаа Л.Тамир “Энэ жилийн хувьд гэнэтийн аадар бороо их орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа. Иргэд зургаа болон долдугаар саруудад хөдөө орон нутгийг их зорьж аялж зугаалдаг. Мөн гол усны дагуу амардаг. Ингэхдээ анхаарал болгоомжтой байх. Цаг агаарын мэдээг тогтмол харж замд гарах. Гол ус гатлахдаа зориулалтын гарц гармаар гарахыг анхааруулсан. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хийлдэг гудас болон завинд аль болох суулгахгүй байхыг сануулж байна” гэлээ.