Өнөөдөр/2024.05.29/ ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр ногдуулах, хураахтай холбоотой Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
10-аас дээш тооны тусгай зөвшөөрөл эзэмшиж буй хуулийн этгээдүүдийн талаар мэдээлэл орж ирсэн. Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхай “Мон-Эко” гээд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн талаар тусгайлан яримаар байна. Энэ компани асуудлаа ирүүлээгүй байгаа. Хөшөөтийн уурхай бол улсын төсвөөс хайгуул хийсэн стратегийн орд, 2010 онд хэн ямар зорилгоор Хонг Конгийн бирж дээр худалдагдсан талаарх асуудлыг хөндөж тавьсан. Гэтэл энэ асуудал өнөөдрийн сонсголд оруулаагүй байна, яагаад вэ.
“Мон-Эко” ХХК-тай холбоотой асуудлыг маргаашийн нээлттэй сонсголоор хэлэлцүүлэхээр болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 онд хамгийн олон буюу 2053-ыг олгож байжээ. 2022 онд 57, 2023 онд 213 хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2005 онд хамгийн олон буюу 182-ыг олгожээ.
2006 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дүнд тогтоогдсон нөөцөд үндэслэж ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувь буюу 6.98 сая га талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байна.
2010 он хүртэл өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгодог байсан бол 2010-2014 он хүртэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон. 2017 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгож эхэлсэн байна.