“Урт цагаан”-ы тохижилтын тендерийг өчигдөр зарлалаа. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн талаар иргэдээс санал авсан. Санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр тус барилгыг буулгаж, газрын чөлөөлсөн.
Чөлөөлсөн 1.3 га талбайд иргэдийн санал хүсэлтийн дагуу авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл боловсрууллаа. Зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, далд болон ил зогсоол, задгай мини театр, дугуйн зогсоол, усан оргилуур зэргийг төлөвлөсөн байна.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн нийт төсөвт өртөг 44,175,500,000 төгрөг (дөчин дөрвөн тэрбум нэг зуун далан таван сая таван зуун мянга) бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар тусгажээ.
Нураасан барилгын буурин дээр 196 автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг гүйцэтгэх юм байна.
Нэг үе шаттай тендерт гадаадын компани оролцох эрхтэй, 220,877,500 (хоёр зуун хорин сая найман зуун далан долоон мянга таван зуу) төгрөгийн дэнчин тавина. Тендерийг 2024 оны зургаадугаар сарын 24 -ний 14:30 цагт нээх гэнэ.