“Зуд зулагтай” гэж хөгшчүүл ярьдаг нь зуднаас сургамж авахыг л хэлээд байж гэж нэг малчин ярьжээ. Өнгөрсөн хаврын их зуд, их цасыг магадгүй бид мартчихсан яваа байх. Гэхдээ малаа алдсан, хүнд хүчир цагийн ард “махаа идэж” гарсан малчид мартаагүй. Мартаагүй учраас тэд Засгийн газраас санаачлан хөдөөгийн уул, талд сайхан амьдралын үрийг тарьж яваа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжиж, өнөөдрийн байдлаар 14 аймагт хоршоод шинээр байгуулагдан, түрүүчээсээ зээлээ авчээ.
Өнгөрсөн өвөл, хаврын зуднаас малчид төдийгүй Засгийн газрынхан, хөдөөнөөс сонгогдсон УИХ-ын гишүүд, тэр бүү хэл малчдаас мах авч иддэг хотынхон ч сургамж авсан. “Зуданд үхсэн малын мах идчих вий” гээд нэг танил маань зөвхөн тахианы махтай хоол идэж байгаагаа хэлсэн билээ. Малчдын амьжиргаанд тулгарсан бэрхшээл хотынхонд хүнсний аюулгүй байдлын асуудал болж буух жишээний.
Малчдаас тэгээд судалгаа авчээ. Ямар бэрхшээл тулгарч байна гэх судалгаанд оролцсон малчдын 71 хувь нь ган зудын бэрхшээл тулгарч байна гэжээ.
Үнэхээр дэлхийн дулаарлаас үүдэн сүүлийн 80 жилд Монгол орны агаарын дундаж хэм хоёр градусаар дулаарсан.
Сүүлийн 70 гаруй жилд манайд 13 удаагийн зуд болж, нийт 45 сая толгой мал хорогджээ. 2010 онд л гэхэд нийт малын 22 хувь нь хорогдож, 8.6 мянган малчин өрх малгүй болж, 32.8 мянган малчин өрх нийт малын 50 хувийг алдсан байна. 2016 онд зудын хохирлын хэмжээ 18 тэрбум төгрөгт хүрч байсан байна. ХААИС-ийн эрдэмтэн Т.Ариунболдын ярьснаар, 1980-аад оны судалгаатай харьцуулахад монгол малын амьдын жин 15-20 орчим хувиар буурчээ. Үүнд гол нөлөөлж буй зүйл нь байгальд ургадаг ургамлын гарц, төрөл зүйл муудаж байгаатай холбож үздэг. Энэ нь мэдээж байгаль, цаг уурын хуурайшилт, усны хомсдол гэх мэт маш олон шалтгаантай.
Монгол орны нийт газар нутгийн 80 шахам хувь нь их, бага хэмжээгээр цөлжсөн гэхээр мал маллах орчин ямар их муудаж байгаа нь ойлгомжтой. Зөвхөн уур амьсгалын өөрчлөлтөөс харахад л Монголд нүүдлийн мал аж ахуйг ямар нэг бодлогогүй, өвөл, хавар зуд боллоо, зун болохоор мартлаа, дахиад хавар…гэсэн тойргоор явах боломжгүй нь шууд харагдаж байгаа.
Тийм ч учраас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар батлагдан, эдүгээ хөдөөгийн уул талд хөрсөн дээрээ бодитоор хэрэгжээд явж байгаа “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг цагаа, бас нүдээ олжээ гэхээс өөрөөр юу гэхэв.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн эхлэл шигээ цаашид өрнөж, айсуй жилүүдийн өвөл, хаврын уртыг ажралгүй давах арга ухааныг батжуулж чадвал зорилго биелж буй нь тэрээ.