Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, түүний ойр орчмын нутаг дэвсгэрт эртнээс хүн суурьшин амьдарч ирсэн байна. Үүний нотолгоо болох арслан заан, хирсний яс ч нийслэл орчмоос олдож байв.
Тасрашгүй мяндас гэгддэг Хатан туул гол нэн эрт цагаас хүн амьтны идээ ундаа болсоор ирсэн байна. 1948-1949 онд С.В.Киселевийн удирдсан археологийн экспедицид оролцсон А.П.Окладников, Н.Сэр-Оджав нарын анги Зайсан толгой, Маахуур толгой зэргээс хуучин чулуун зэвсгийн үеийн бууц олсон байдаг.
1960-аад оноос нийслэлийн Сонгинохайрхан уул, Буянт-Ухаа зэрэг газраас дээд палеолит(хуучин чулууны дээд үе)-д холбогдох шинэ бууцуудыг илрүүлжээ.
1962 онд Буянт-Ухаагаас олддсон 23 ширхэг чулуун эдлэл, мөн Сонгинохайрхан, Богд хан уулын Залаатын амнаас олдсон олдворын нас нь 300 мянган жилээс эхлээд 40-12 мянган жилийн өмнөх үед холбогдох тухай судлаачид өгүүлсэн нь бий. Ер нь хуучин болон шинэ чулуун зэвсгийн үед холбогдох дурсгалт бууц Богд хан уулын Зайсан толгой, Их, Бага Тэнгэр, Богинын ам, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх хайрхануудад ч цөөнгүй бий. Монгол нутагт 800-аад мянган жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр ч олддог.
Баянхонгорын Цагаан агуйгаас олдсон дурсгал тэр үеийнх. Тэгвэл манай нийслэл хот орчмын эртний чулуун зэвсгийн үеийн дурсгал 300 жилийн өмнөх үед хамаарч байна. Энэ бүхэн нь өнөөдрийн манай нийслэлийн нутаг дэвсгэрт олон зуун мянган жил хүн амьдарч ирснийг баталж байгаа хэрэг юм.