Сингапурын иргэний агаарын тээврийн онгоц өчигдөр нисч явахдаа агаарын хүчтэй урсгалд орж, огцом уналт хийж, хүчтэй сэгсрэлтэд орсноор Тайландын Бангкок хотын Суварнабхуми олон улсын нисэх буудалд ослын буулт хийсэн байна. Онгоцонд сууж явсан нэг хүн нас барж, олон хүн бэртэж гэмтсэн гэдгийг Бангкокын нисэх буудал болон Сингапурын агаарын тээврийн компани баталжээ.
Суварнабхуми олон улсын нисэх буудлын албан тушаалтан Китибанг хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, талийгаач зорчигч Их Британийн 73 настай иргэн, зүрхний өвчтэй байсныг эхний шинжилгээгээр тодруулсан байна. Олон арван хүн гэмтсэнээс долоон хүний бие хүнд байна. Өчигдөр орой өөр онгоцоор үлдэх зорчигчдыг очих газарт нь хүргэсэн гэнэ.
Өмнө нь Тайландын хэвлэлүүд онгоцонд хоёр хүн амиа алдсан гэж мэдээлсэн нь ташаа байжээ.