Төмөр замын бүтээн байгуулалтаас Х.Баттулга “айхын” учир

-МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт “Мянганы төмөр зам” төсөл тусчээ-

  Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийгөө төмөр замаар овоглогдож,  дурсагдах хүн мэтээр хэвлэл мэдээллээр мэдээ, нийтлэл түгээж эхэллээ. Тэр айж байна. Х.Баттулгын Ерөнхийлөгчийн эрх мэдэл дуусахад 14 хоног үлдсэн. Төмөр замын нэр барьж, томоохон төслүүдэд төрийн мөнгийг үр ашиггүй, овоолсон шороо болгож, өөрийн хамсаатнуудын халаасыг зузаалсан хүн бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга.

Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн  258.4 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг У.Хүрэлсүхийн Засгийн газар барьж байгуулсан. Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөгжлийн гарц хэмээн үргэлжлүүлж байгаа. Бүр монголчууд өөрсдөө төмөр замаа барьж байгаа гэж хэлж болно. Дотоодын найман цэргийн анги энэ бүтээн байгуулалтад оролцож, цэргийн албан хаагчид цалинтай болсон гээд давхар ололттой томоохон бүтээн байгуулалтын ажил Дорноговь, Өмнөговь аймагт өрнөж буй.

Төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийг Эрдэнэс Тавантолгой компани санхүүжүүлж байгаа. Тус компанийн захирал Б.Ганхуяг “2019, 2020,2021 онд дээрх төмөр замын санхүүжилтийг 98 хувьтай олгосон. Төслийн санхүүжилтыг зарцуулсан эрх бүхий хүмүүсийг шалгахад гэмгүй гэх утга бүхий үг хэлж, мэдэгдсэн”. Тэгвэл Х.Баттулга яагаад айж мэгдээд, хүний хийж бүтээсэн төмөр замыг өмчирхөх гэж улайраад байна. Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн дэргэд дээрх  төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсэг байгуулж, төрийн мөнгийг эх захгүй үрсэн байх гарц гаргалгаа харагдаад байгаа юм. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас буухаасаа нэг сарын өмнө төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтын талаар шалгалт хийж, дүн мэдээлэл танилцуулах лүндэн буулгасан. Энэ нь Х.Баттулгад таалагдаагүй. Угтаа бол энэ хоёрын зөрчил тэмцэл төмөр замын санхүүжилт юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замын санхүүжилт нь 750 тэрбум төгрөг. Энэ мөнгөний зарцуулалтад түүний “томилгоо”-ны хүмүүс ихээхэн оролцоотой байгаа нь түүний айдас болчихоод байна. Ер нь тэрбээр дээрх төмөр замын бүтээн байгуулалтад оролцоо багатай ч санхүүжилтэд томоохон “гар дүрчихсэн” хүн учраас айх аюул түүнийг цаг ямагт дагах болов уу. Энэ нь түүний Ерөнхийлөгчид дахин нэр дэвших гэж улайрсан байдал, АН-ыг хагаралдуулсан үйл явдлаас тодорхой харагдсан. Ерөнхийлөгчөөс буугаагүй байхад л түүний дотор “хэцүү нэрт” бодогдоод эхэлсэн нь дээрх айдас юм.

Төмөр зам бол улс орны хөгжлийн гарц яахын аргагүй мөн. Тиймдээ ч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төмөр замд ихээхэн хөрөнгө зарцуулж, цаг хугацаатай уралдан бүтээн байгуулалтыг явуулж байна. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байгаа. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэнэ. Одоогоор гол замын угсрах ажил 233 км хийхээс 201 км-ыг хийчихсэн байна.

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт  “Мянганы төмөр зам” үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгох заалт туссан нь хөгжлийн шан татах боломж бүрдлээ гэж учир мэдэх хүмүүс онцлоод эхэллээ.

Манай улс улстөржилт, талцал хуваагдлаас болж сүүлийн 12 жил төмөр замын бүтээн байгуулалтыг урагшлуулж чадаагүй. Харин одоогийн төр засаг төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтыг шийдвэрлэж, цаашид ч бүтээсээр байх нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, одоогийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрөөс ил тод харагдаж байна.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад дуулгасан. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих гарц нээгдэх юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлэх гол судас нь төмөр зам гэж харагдаж байна.

Б.Саруул

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn