
Урд шөнө Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын Засгийн газрын танхим бүрэн бүтэн боллоо.
Ингэхдээ шинээр бүрдсэн Засгийн газар гэхэд хэцүү, хуучин танхим гэхэд хэцүү бүрэлдэхүүнийг бүрдүүлж тангараг өргүүллээ. Учир нь Л.Оюун-Эрдэнийн хуучин танхимд байсан МАН-ын сайдуудаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Соёлын сайд Ч.Номин гурвыг сольж, бусад нь хэвээр үлдэв. Яамгүй сайдууд буюу Үндэсний хороодыг татан буулгаж байгаагийн улмаас МАН-ын Б.Тулга сул гишүүн болов.
МАН-ын өмнөх Засгийн газарт ажилласан сайдуудаас С.Амарсайхан, Н.Учрал, Б.Батцэцэг, Б.Жавхлан, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Ж.Энхбаяр нарын найман сайд гулсаж томилогдлоо. Ерөнхийдөө эд бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын цөм байсан гэхэд болно. Бас Л.Оюун-Эрдэнэтэй нэг фракцынхан биш байсан гэхэд болно. Тийм учраас Засгийн газар солигдох зуур “урвагч сайдууд”, “төрийн хутгуур”, “гулсуур” сайдууд гэх нэр хочтой болцгоов. Эд мэдээж Л.Оюун-Эрдэнийг огцруулах талд УИХ-ын гишүүнийхээ хувьд кноп дарсан байх. Л.Оюун-Эрдэнэ огцрох УИХ-ын чуулган дээр “Ерөнхий сайд өөрөө хүнээ томилж чаддаггүй юм. Аль болох тогтвортой байхыг бодож л томилгоо хийдэг” гэж хэлсэн нь фракц, бүлэглэл бүрийн эрх ашгийг хангаж томилгоо хийдэг гэсэн үг байлаа. Л.Оюун-Эрдэнийн танхим дахь МАН-ын цөм нь У.Хүрэлсүхийн фракцынхан байсныг “илчилж”, олон сайд нь Г.Занданшатарын танхимд улирч үлдлээ.
Эднээс нэгийн зэрэг буюу Шадар сайд С.Амарсайханыг У.Хүрэлсүхийн фракц биш гэхэд болно. Тиймээс ч тэрээр анхнаасаа улирах сайдуудын тоонд байгаагүй учраас Ерөнхий сайд Г.Занданшатарыг сайдуудын нэрээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулахад С.Амарсайханы нэр байгаагүй аж. Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлд Шадар сайдаар Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярын нэрийг танилцуулсан ч тэрээр тохиролцож чадаагүй ажээ. Тиймээс л УИХ-д сайдуудын нэр танилцуулахаас өмнө “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр С.Амарсайханы нэр орж ирсэн байна. Тэрээр сүүлийн дөрвөн удаагийн Засгийн газарт дөрөв дэх удаагаа Шадар сайдаар томилогдлоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг оруулж ирэхгүй удсан нь МАН дахь “дүү” нарынхаа фракцынхныг шахах, улмаар Үндэсний эвсэл болон ИЗНН-тай тохирох зэрэг асуудлаас үүджээ. ИЗНН ч нээх унжилгүй, ганц сайдын суудлаар тохирчээ. Харин Үндэсний эвсэл гэдийсээр Засгийн газарт орсонгүй.
Харин ХҮН намын хувьд өмнөх хоёр сайдын суудлаа барьж,Т.Доржханд, П.Наранбаяр нар хэвээр үлдлээ.
МАН-аас шинээр орж ирсэн сайдуудын хувьд чансаатай, чансаагүйгээрээ холилдон оров. Г.Занданшатар төрийн хэмнэлтийн хүрээнд яамгүй сайдууд буюу Үндэсний хороодыг татан буулгахаар болов.
Г.ЗАНДАНШАТАРЫН ТАНХИМ
-Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал
-Шадар сайд Т.Доржханд
Шадар сайд С.Амарсайхан
-ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар
-Батлан хамгаалахын сайд Д.Батлут
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
-Сангийн сайд Б.Жавхлан
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар
-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир
-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
-Боловсролын сайд П.Наранбаяр
-Соёлын сайд Ч.Ундрам
-Барилга, хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан
-Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
-Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн
Гэрэг тоймч