
Гарын алганы хэмжээтэй,70 нүүртэй жижигхээн номыг унших зуураа би “Хэзээ хэнд юу гэж худал хэллээ” хэмээн өөрөөсөө асуусаар байв. Худлын тухай үнэнийг өгүүлсэн энэ урт эсээ өөрийгөө, эргэн тойрноо, оршин буй нийгмийнхээ худлыг эргэцүүлэн бодох боломж олгож буйгаараа шидтэй гэмээр.
“Монсудар”-ын “Нухацтай сэдэв” цувралаар 2017 онд хэвлэн гаргасан уг номын гол агуулга “худлыг зөвтгөх юу ч байхгүйд” юм. Уг номыг бичсэн Сэм Харрис бол Америкт философич, нейробиологич, зохиолч гэдгээрээ алдаршсан нэгэн. Нейробиологич гэдэг нь мэдрэхүй, ойлголт, сэтгэл хөдлөл зэрэг хүнийг хүн болгодог зүйлсийг хооронд нь холбож судалдаг сонирхолтой шинжлэх ухаан ажээ.
Сэм Харрисын оюун санааг Стэнфордын их сургуулийн оюутан байхад орсон нэг лекц бүхлээр нь өөрчилсөн гэнэ. “Худлыг зөвтгөх шалтгаан олох” тухай тэр лекцээс тэрээр худал хэлэхгүй байснаар ямар олон ичгүүр, сонжуураас зайлсхийж болохыг ойлгожээ. “Худал” эсээний санаа магадгүй тэндээс эхлэлтэй биз.
Зохиолч худлыг том, жижиг, цагаан худал гэх мэтээр ангилжээ. Тарган харагдаж байгаа найздаа “гоё харагдаж байна” гэх нь цагаан худал. Гэхдээ л худал. Учир нь үнэнийг хэлснээр найз чинь жингээ хаях талаар жинхэнээсээ үйлдэл хийх төдийгүй амьдралд нь ар араасаа олон гайхалтай үйл явдал өрнөж болох ажээ. Ер нь худал болгон ёс суртахууны гажуудлаас үүдэлтэй. Тиймээс их, бага худал ялгаагүй итгэлцэл эвдэх, ичгүүр дагуулах хортой гэнэ.
ЖИЖИГ ХУДАЛ
Нэгэн жишээ. Сита хэмээх эмэгтэй найзындаа очихдоо бэлэг авч очихыг хүсчээ. Гэвч бяцхан хүүтэйгээ явж байсан тул дэлгүүрт очиж амжсангүй. Тэгээд зочид буудлын угаалгын өрөөнөөс ариун цэврийн бүтээгдэхүүнийг нь туузаар ороогоод аваачиж өгнө. Баярласан найз нь хаанаас авсан тухай асуухад хүү нь угаалгын өрөөнөөс авсныг үнэнээр нь хэлснээр хоёр найзын итгэлцэлд ан цав гарна.
Хоёр дахь жишээ. Сэм Харрисаас нэгэн найз нь “Хэтэрхий тарган харагдаж байна уу” хэмээн асуужээ. Эмэгтэйчүүд ингэж асуух нь үнэнийг хэлүүлэх гэсэндээ биш, гоё сайхан үг сонсох гэсэн хүслийнх нь илрэл аж. Гэвч номын зохиогч маань найздаа “Чамайг хэн ч бүдүүн гэж дуудахгүй байх, гэхдээ чи 10 кг турчихвал зүгээр гэж бодож байна” хэмээн хэлжээ. Энэ үнэн үг ид шидээ өгч,найз нь үнэхээр турж чаджээ. Харамсалтай нь олон хүн найзыгаа гомдооно гэж боддогоос, эсвэл найздаа үнэн сэтгэлээр ханддаггүйгээс “Гоё харагдаж байна” хэмээн хуурмаг үг хэлсээр байдаг. Энэ мэт цагаан худлаар бодит байдлыг үгүйсгэж байдаг ч бодит байдлаа өөрчлөх хүч болж чаддаггүй ажээ. Хуурмаг зоригжуулалт хулгайтай адил гэнэ.
Гурав дахь жишээ. Сэм Харрисын нэг найз анхны зохиолдоо бүтэн жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Гэвч мэргэжлийн гараагаа эхлүүлсэн зохиол нь дульхан санагдсан тул найздаа үнэнийг хэлжээ. Найзынх нь зохиол бүтээл амжилттай болсон бөгөөд гол нь юу ч асуусан Сэмийг үнэн хэлж байгаад итгэдэг гэнэ.
Эдгээр асуудлууд жижиг мэт санагдах ч хэрэв худлаа хэлбэл хүн хоорондын итгэлцлийг, цаг хугацааг, хүч хөдөлмөрийг, бүр хүний амьдралыг ч сүйтгэх аюултайг зохиолч эсээгээрээ нотолж өгчээ.
Худал илчлэгдэхгүй байх хамаагүй цаагуураа шударга үнэнийг, ёс суртахууныг устгаж байдаг учир жижиг худлыг ч бүү хэл гэжээ. Хамгийн гол нь яаж ийгээд үнэнийг хэлснээр харилцаа илүү тааламжтай болдогийг Сэм Харрис өөртөө баталсан байна.
ТОМ ХУДАЛ
Том худлуудаас болж Засгийн газар, корпорациудад итгэхээ больдог ажээ. Эдгээр тогтолцооны байгууллагуудад итгэл алдарснаар хүмүүс мэдээллийн найдвартай эх сурвалжид биш, дуулиан, шуугиан хөөсөн мэдээлэлд хөтлөгдөх аюултай гэнэ.
1998 онд вакцины талаар худал мэдээлэл цацагдсанаас хүүхдийн өвчлөл нэмэгдсэн тухай жишээг иш татжээ. Нэгэнт худалд автсан хүний сэтгэл зүй бидний амьдралд нэвтрэн орсон худлыг устгахад хэцүү болсон байдгаараа илүү аюултай гэнэ.
“Засгийн газрын хувьд иргэдээ хуурч мэхлэх хэрэгцээ байна гэдэг нь улс орныхоо оршин тогтнолыг үгүйсгэх хэмжээнд хүртлээ ёс зүйн доройтолд орсон гэсэн үг. Том зэрэглэлийн худлаас учрах хохирол нь хэзээ ч засрахгүй байж мэдэх юм” хэмээн номонд өгүүлжээ.
ИШЛЭЛ
Худлын тухай үнэнийг өгүүлсэн таван ишлэл.
- Эрх мэдэлтнүүдийн худал, хуурмаг нь биднийг Засгийн газар болон корпорациудад итгэх итгэлээ алдахад хүргэдэг.
- Сул дорой амьтдын худал, хуурмагууд биднийг бусдын зовлонд хүйтэн цэвдэг хандахад хүргэдэг.
- Хуйвалдааны онолынхны худал хуурмагууд нь нийгмийг шинэчлэгчид, сэхээтнүүдийн шударга занд итгэх итгэлийг сарниулдаг.
- Худал бол хор хөнөөлт хогтой адилхан, түүний тархалт нь хүн болгонд нөлөөлдөг.
- Худал хэлнэ гэдэг бол харилцаанаас татгалзсан ухралт.
Хэрэв Та дахиж хэзээ ч худал хэлэхгүй бол бусадтай харилцах харилцаа чинь хэрхэн өөрчлөгдөх бол? Та ямар хүн болох бол? Эргэн тойрны хүмүүст чинь ямар нөлөө үзүүлэх бол?