Т.Есөн-Эрдэнэ:Худал мэдээлэл бүтээх,түгээх арга техникүүдийг манайд маш гарамгай ашиглаж байна

www.gereg.mn “Мэргэжилтний яриа” сэдвээр салбар салбарын мэргэжилтнүүдийн үгийг хүргэхээр эхлүүллээ.

Энэ удаа Хэвлэлийн хүрээлэнгийн судлаач, багш Т.Есөн-Эрдэнэтэй мэдээллийн боловсрол, сэтгүүл зүйн чиг хандлага зэрэг сэдвүүдээр ярилцлаа.

-Мэдээллийн боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

– Бид мэдээллийн асар их урсгал дунд амьдарч байна. Дэлхий даяарх  мэдээллийн давтамжийг уламжлалт мэдээллийн хэрэгслийг оруулахгүйгээр минут тутмаар нь “Data never sleeps” гэж тайлан гаргадаг.

Тэндээс харвал  Гүүгл дээр хүмүүс минутад 6,3 сая хайлт хийдэг байхад Фейсбүүк дээр нэг минутад дөрвөн сая пост хийдэг. Amazon дээр 455 мянган  ам.долларын борлуулалт хийгддэг бол Spotify аппликэйшнээр минутад  хоёр сая дуу сонсдог байна.  Netflix дээр минутад 105 мянган цагийн контент үзэж, youtube -д гэхэд л  700 цагийн бичлэг нэг минутад орж ирж байна. Энэ бүхнээс харахад бид ерөөсөө л асар их мэдээлэлд дарагдаж, мэдээлэл дунд дарагдсан мэдлэг хаачив? гэсэн асуулт их тавигддаг болсон.

Ийм нөхцөлд сэтгүүлчдийн хувьд, за тэгээд  чанартай мэдээлэл хайж байгаа иргэдийн хувьд илүү нягтлан шалгах боломжтой обьектив мэдээлэл, агуулгын хомсдолд орж байна. Ингэж хомсдолд орсон нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон шинэ сошиал медиа хэрэгслүүд үзэгчдээ булаацалдах зэрэг олон шалтгаантай.

Хүмүүс мэдээллийг хурдан авахаа бодоод сошиал медиа руу ханддаг хандлага  сүүлийн арваад жил эрчимтэй өслөө.Хэвлэлийн хүрээлэнгээс  2021 онд хийсэн судалгаагаар монголчуудын 88 хувь нь фэйсбүүкээс голчилж мэдээллээ авч байна. Уламжлалт хэрэгслүүдээс давхардсан тоогоор телевизээс  68 хувь нь,  мэдээллийн сайтуудаас 40 гаруй хувьтай мэдээллээ авч байсан.

Бид авсан судалгаагаа  фокус бүлгийн хэлэлцүүлгээр баталгаажуулдаг. Хүмүүс өглөө сэрэнгүүтээ л фэйсбүүк рүүгээ ордог. Тэгэж  мэдээлэл авах нь  илүү амар гэж судалгаанд оролцогчид хариулсан.

1920,1080,0,0.45,-1

Гэтэл фэйсбүүк хүмүүс янз бүрийн зорилгоор мэдээлэл цацдаг. Аливаа мэдээллийг бүтээгчид тодорхой зорилго байгаа нь ойлгомжтой.  Ятгаж сэнхрүүлэх, ухуулах, зугаацуулж, цэнгүүлэх гэх мэт.  Зөвхөн мэдээлэх үүрэг, зорилго бүхий сэтгүүл зүйн мэдээ түгээж буй хүмүүс мэдээллийн зорилгыг буруугаар ашиглах нь ч байна.  Эндээс л мэдээллийн боловсролын асуудал яригдаж эхэлсэн. Гэхдээ энэ бол  саяхны яриа биш, 1980-аад оноос ЮНЕСКО энэ талаар судалж, ярьж эхэлсэн. Телевизийн хөтөлбөрүүд  элдэв  ток шоу, уран сайхны агуулга, ярилцлагууд гэх мэтээр олон төрлийн солонгорсон агуулгаар баяжиж,  илүү үзэгчийн сонирхлыг татах хэлбэр лүү орж, илүү үзэгч төвтэй болсон. Гэтэл тэр олон солонгорсон, анхаарал татах гэсэн мэдээллийг хүлээж авах хэрэглэгчийн боловсрол дутагдаад эхэлсэн. Мэдээллийн боловсрол чухал юм байна аа гэж ярьж байтал  орчин үед нэмээд мэдээллийн хэрэгслийн боловсролын тухай ярих болсон.

Өнөөдөр бол media and information literacy гэсэн цогц агуулгаар яригдаж байна.Мэдээллийн хэрэгсэл дотор чинь  жишээ нь гар утас,  компьютерын тоглоомноос эхлээд  VR-ын  дуран,  уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, за  тэгээд  кино театрууд, үзвэрийн газрууд, архивын үйлчилгээ үздэг газрууд багтана. Мэдээлэл дамжуулж байгаа утгаараа  музей, ном  хүртэл орно.  Тэгэхээр энэ болгоны  ялгаа, зорилго, үнэ цэнийг мэдэх нь хүмүүст хэрэгтэй болчихоод байгаа юм.

ХҮМҮҮС  МЭДЭЭЛЛИЙН БӨМБӨЛӨГ ДОТОР АМЬДАРЧ, ЭНЭ НЬ ЯВЦУУРАЛ РУУ ХӨТӨЛЖ БАЙНА 

-Бид гэртээ, хоолны ширээний ард хамт байгаа боловч тусдаа байгаа мэт гар утастайгаа  амьдарч байгааг юу гэж нэрлэх вэ? Энэ үзэгдэл технологийн боловсролтой хамаатай юу?

-Мэдээллийн бөмбөлөг буюу цуурайн танхим (echo chamber) гэдэг ойлголт бий. Энэ зурган дээрх шиг хүмүүс компьютер,  гар утасныхаа ард ингээд мэдээлэл аваад сууж байгаа. Түрүүнд хэлсэнчлэн youtube-д минут тутам ордог  700 цагийн бичлэгнээс үзээд ч юмуу, тэрийг таашаагаад сууж байгаа. Энэ бүхний цаана  компьютерын алгоритм л явж байгаа шүү дээ. Гэтэл энэ нь  мэдээллийн явцуурал руу хөтөлж байна гэдэг болгоомжлол гарч ирсэн. Жишээ нь,  гэртээ гэр бүлийн  аав, ээж,  хүүхдүүд гурав, дөрвүүлээ зурагт үзэж  байснаа бүгдээрээ утсаа нээгээд суучихдаг. Хамтдаа байгаа мэт боловч   өөр өөрийн гэсэн    мэдээллийн бөмбөлөг дотор орчихсон байж байдаг. Тэр  бөмбөлгүүд дотор янз бүрийн сэдэлтэй, буруу сөрөг мэдээллүүд ч байгаа.

Энийг гадаад мэдээний судалгаа хийж байхад их тодорхой ажигласан. 1960-аад оны дундуур гарсан НҮБ-ын нэг  тайлан дээр  мэдээлэл түгээж байгаа олон улсын энэ мэдээллийн агентлагуудын мэдээд зүүн Европын орнууд болон  дорой буурай хөгжилтэй улс орнуудын тухай мэдээ мэдээлэл дутмаг байна, бараг харагдахгүй байна гэж дүгнэсэн.  Дэлхийн мэдээллийн орон зай  удаан хугацаанд ингэж явж байгаад  90-ээд  оны дунд хэсгээс жаахан  өөрчлөгдсөн. Яагаад гэвэл интернэт гараад ирчихсэн. Олон улсын  мэдээллийн тэнцвэргүй байдал интернэтийн ачаар одоо л  цэгцрэх нь,  буурай улс орнуудын талаарх мэдээллийг бүгд авдаг болох нь гэсэн хандлага бий болсон.  Гэтэл 2010-аад онд нийгмийн сүлжээ гарч ирээд байдал орвонгоороо эргэсэн. Нийгмийн сүлжээн дээр хүний тухай, зүгээр өдөр тутмын  худал мэдээлэл түгээдэг, тараадаг байснаа сүүлдээ улс орнуудын талаар худал мэдээлэл маш ихээр түгээх болсон.  Интернэт эхлээд боломж олголоо гэж байсан бол сүүлдээ болгоомжлох зүйл болж, явцуурал руу явчихлаа. Тэгэхээр  мэдээллийн энэ их урсгал дунд хүмүүс байтугай  улс орнууд бодолтой хандах шаардлагатай болсон. Засаглалын хувьд баригдмал улс  орнууд жишээ нь, мэдээлэлдээ их цензуртай хандаж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаж, энэ нь хөрш орнууд руугаа хүртэл “халдварлах” үзэгдэл гарч байна.

Энэ нөхцөл байдлаас улбаалан цахим  цэрэгтэй  улс орнууд дэлхий даяар их болж байна. Цэргийн үүрэг даалгавар аваад  олон улсын мэдээллийн орон зайд халдах,   хакердахаас гадна  зөөлөн хүчний   бодлогоор дамжуулж  хүссэн газартаа ажиллах гэх мэт олон аргаар ажиллаж байгаа тайлангууд гарсан.

МЭДЭЭЛЭЛ БОЛГОН ЗОРИЛГОТОЙ БАЙДГИЙГ БИД МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ 

   -Дэлхий дахинд ийм байгаа юм байна. Монголд ямар байна вэ. Та бүхэн судалгаа хийсэн үү?

– Бид  2021 онд 40 хүртэлх насны хүмүүсийн интернэт хэрэглээний талаар судалгаа хийсэн. Ямар сувгаас хүмүүс мэдээлэл авч байна вэ гэхэд 88 хувь нь фэйсбүүкээс авдаг бол дараа нь телевиз орж ирсэн.  Ямар агуулга голдуу үзэж байгааг судлахад гадаад, дотоодын үйл явдлын мэдээг  хамгийн өндөр хувьтай үздэг гэж хариулсан. Дараагийн байранд  спорт, шоу,  зугаацуулж, цэнгүүлэх   контентууд их үздэг нь гарсан. Бусад нийгмийн сүлжээнүүдээс Икс буюу хуучнаар твиттерээс 11  орчим хувьтай мэдээлэл авдаг гэж гарч байсан.  Сүүлийн үед  инстаграм их хэрэглэдэг болсон байна. Өөр нэг газрын саяхны судалгаагаар инстаграмыг бараг 800 мянга гаруй хүн ашигладаг гэсэн байна лээ.  Сошиал медиагийн цаана нөгөө л алгоритм ажиллаж байгаа учраас мэдээлэлд шүүлтүүртэй хандах, шүүн тунгааж хандах асуудал манайд бас л хурцаар тавигдаж байна.  Хүүхдийг бүр бага ангиас нь л мэдээллийг шүүн тунгааж сургах, системтэй сэтгэж,  шүүмжлэлт сэтгэлгээнд сургах байдлаар  мэдээллийн боловсрол олгох шаардлагатай байдаг юм билээ.

Мэдээлэл болгон зорилготой байдаг гэдгийг бид мэдэж байх ёстой.Ер нь бичиг үсэгтэй хүн болгон мэдээллийн боловсролтой байх шаардлагатай цаг үе ирсэн байна. Нэг асуудлаар маргаад эхлэнгүүт мэдээллийн боловсролоор дульхан хүмүүс сөрөг мэдээлэлд автах, улмаар зөрчил, тэмцэлд орох байдал руу орж байна. Худал, шуугиан тарьсан мэдээллийг бүтээж, зориудаар түгээж, албаар тархи угаах ажилд оролцдог хүмүүс ч байна.

Сэм Харис гэж философич, судлаачийн бичсэн “Худал” гэдэг ном “Мон судар”-ын “Нухацтай сэдэв” цувралаар гарсан байна лээ. Тэр номон дээр “Худал гэдэг чинь юу вэ” гээд үр нөлөөгөөр нь ангилсан байсан.  Жишээ нь, эрх мэдэлтэй хүмүүс худлаа яриад байх юм  бол төр, засагтаа итгэх итгэл, томоохон корпорацуудад итгэх итгэл байхгүй болох хор уршигтай  Хуйвалдааны онол маягийн худал байдаг шүү дээ.  Энэ  байгууллага чинь гаднын гар хөл, эднийх ДОХ тараасан гэх мэт хуйвалдааны онолч маягийн худал мэдээлэл нийгэмд их тараагаад байхаар нийгмийг шинэчлэгч, манлайлагч  эрдэмтэй, боловсролтой хэсгийнхээ ярианд хүмүүс итгэхээ больдог.

Жирийн өдөр тутмын худал мэдээлэл байнга л цацагдаж байна. Жишээ нь,  хандивын данс тавиад  “Энэ хүүхдэд туслаач” гэж худал мэдээлэл бас цацагдаж байгаа шүү дээ. Иймэрхүү жирийн гэх үү,  жижгэвтэр ч гэхүү  худлаа мэдээлэл их цацагдаад байхаар хүмүүс бусдын зовлонд хүнийрхүү, хүйтэн ханддаг болдог.

Тэгэхээр  худал мэдээлэл гэдэг зүгээр уншаад өнгөрдөг төдий  зүйл биш,  энэ бол  нийгмийн итгэлцлийг үгүй хийдэг хор нөлөөтэй юмаа гэдэг санааг  Сэм Харисын “Худал” гэдэг номонд бичсэн байна. Худал мэдээллийг ангилж, хүмүүст хүргэсэн нь их чухал санагдсан. Орчин үеийн технологийн хэрэглээ хүмүүсийг юман чинээ бодохгүйгээр худлаа хэлэхэд хүргэж  байгаа гэсэн санааг тэнд мөн бичсэн байна.

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ АЖИЛД СЭТГҮҮЛЧИД ТАТАГДАН ОРЖ БАЙГАА НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ 

-Хүний нийгэм л юм чинь хүний аминд хүрэх, хүчирхийлэх гэх мэт янз бүрийн сөрөг зүйл гарна. Тэр болгоныг  зориудаар хөөрөгдөж, сошиалаар хүчээр “сэвэх” явдал манайд их боллоо шүү дээ. Энийг ямар ангилалд оруулж, юу гэж нэрлэх вэ?

-Европын бодлогын зөвлөлийн  “Худал мэдээллийн арга техникүүд” гэсэн  ангилал байдаг.  Манайхны хэлдэг “сэвэх” гэдэг үгийн цаана худлаа мэдээлэл дамжуулах гэсэн агуулга байгаа.  Дамжуулж байгаа мэдээллийн зарим нь үнэн, зарим нь худал байдаг. Гэтэл үнэн хэсгээс нь жаахныг цухуйлгаад, худлааг нь түлхүү өгөөд түгээхээр  бүрэн бус, ташааруулсан, дэгсдүүлсэн  гэсэн  ангилал руу орох байх л даа.  Нэг жишээ хэлэхэд, “Хөзөр холих” гэдэг нэртэй худал мэдээллийн арга байна. Мөрийтэй тоглоомчид хөзрөө хольж байхдаа хэрэгтэй хөзрөө авч үлддэг шиг   чухал мэдээллийг нь орхиод, чухал бус мэдээллүүдийг нь илүү өгөх замаар мэдээллийг гажуудуулах арга байна. Хүмүүсийн сэтгэл хөдлөл дээр тоглож, уурыг нь хүргэх арга бас  байна.  Хүмүүсийн хооронд зохиомол хуваагдал үүсгэх арга байна.

Худал мэдээллийн арга техникүүдийг  бидний дунд захиалгатайгаар маш их хэрэглэж байна. Харамсалтай нь үүнд сэтгүүлчид татагдан орж байна.  Тухайн сэтгүүлчийг олон нийт сэтгүүлч хүн л гэж харж байгаа шүү дээ

Олон улсад сэтгүүлчийн ёс зүйн зарчим гэж байна. Манайд 2013 онд гарсан Сэтгүүлчийн ёс зүйн дүрэм бий. Ер нь  сэтгүүл зүйн нэр хүндийг ашиглаж, мөнгө төгрөг авна гэдэг чинь авлига авч байгаа гэсэн үг шүү дээ.Үүний шалтгаан нь мэдээж нийгмийн хөгжлийн асуудал, сэтгүүлчдийн амьдралын баталгаа, цалин хөлсний асуудал гээд олон зүйл бий.

Нэмээд хэлэхэд Орос-Украины дайнтай холбоотой хэрүүл сошиал дээр их гарах болсон.

Урд хөршийн бот хаягууд соёл, хоол постлох маягаар сүүлийн хоёр  жилд гурав дахин нэмэгдсэн гэдэг нь судалгаагаар гарсан. Зарим их гүрний гадаад харилцааны бодлогод “Бусдын завийг хөлөглөн явж нөлөөлөх” гэж бодлого байдаг.  Манай сэтгүүлчдийг урд хөршид их аялуулж, гоё гоё юм бичүүлж,  хөгжлөө гайхуулж байгаа энэ тэр бол манай завинд суучихсан хэрэг шүү дээ.  Хоёр хөршийн аль алиных нь иймэрхүү бодлого их байна.

Америкт амьдардаг нэгэн орос сэтгүүлч, зохиолчийн бичсэн “Энэ бол  пропаганда биш” гэсэн номонд  Санкт Петербургийн Интернэт судлалын агентлагийн тухай бичсэн байдаг. Том  байшин дотор  олуулаа суучихаад коммент хэрхэн бичих, ямар хараалын үг оруулах, яаж тархи угаахыг заагаад байж байдаг гэж. Ийм үйл явдал, баг зөвхөн манай хоёр хөршид биш, дэлхийн бүх улсад ажиллаж л байгаа.

СЭТГҮҮЛЧИД ШУУРХАЙ МЭДЭЭНД ХҮЧ ТАРАМДАХГҮЙ, ӨӨР ЧАНАРТАЙ МЭДЭЭЛЭЛД АНХААРАХ ЧИГ ХАНДЛАГА БИЙ БОЛСОН 

-Тэгэхээр ийм их тархи угаалт, хуурамч мэдээллийн ертөнцөд нэгдүгээрт,   хүмүүст мэдээллийн боловсрол хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт,   сэтгүүл зүйн   үүрэг ач холбогдол улам өсч байгаа юм байна. Тэгвэл сэтгүүл зүйн чиг хандлага  хаашаа явж байна вэ?

-Хурдтай мэдээллээр  өрсөлдөж байгаа энэ үед шуурхай мэдээнд олноороо хүч тарамдан  ажиллах хэрэг ер нь байхгүй юм байна.  Чанартай мэдээлэл эрж,хайж, боловсруулж, түгээхэд анхаарья, тэр   дундаа нөгөө эрэн сурвалжлах сэтгүүл зүйг улам сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Технологийн дэвшлүүдийг сайтар ашиглах шаардлагатай. Жишээ нь, видео контент байлаа гэхэд тэр нь илүү баримтат, сэдвийн хувьд орхигддог сэдвүүдээр илүү бүтээлч ажиллах шаардлага тулгарч байна.

Интернэт хэрэглэгчдийн статистикийг харсан чинь сүүлийн хоёр  жилийн дотор  суурин компьютер, нөөтбүүкнээс интернэтэд орох нь багасаад, гар утаснаас  50- 60 хувь нь ордог болсон.  Тэгэхээр   гар утсанд зориулсан, илүү  хялбар байдлаар хүртээмжтэй мэдээлэл түгээх хандлага руу явж байна.   Хэвлэлийн хүрээлэнгээс  гар утсаар видео контент хийх mobile journalism -ын сургалт бас хийдэг.

Сүүлийн үед олон улсын сэтгүүлчид хамтарч эрэн сурвалжлага хийдэг болсон.

Сэтгүүл зүйн бизнес загварууд бас их өөрчлөгдөж байна.  Реклам, зар  сурталчилгааны  орлого гэхээс гадна  захиалагч, хандивлагчидтай болох, сэтгүүл зүйн бүтээгдэхүүнээс гадна  ном, кино гаргах,  хажуудаа   хэвлэлийн газартай болох зэргээр бизнесийн загвараа солонгоруулж байна.

Сэтгүүл зүйн  мэдээллийн нэг давуу тал нь  мэдээллээ ямар ч  хэлбэрээр дахин дахин боловсруулж гаргаж болдог.Тэгэхээр яг өдөр тутмын мэдээний сэтгүүлчид  бол технологийн дэвшлийг ашиглаад mobile сэтгүүл зүй хийх,  датад суурилсан байх зэрэг хандлага руу орж байна.  За мөн виртуал реалити журнализм буюу үзэгдэх бодит орчны сэтгүүл зүй гэж хөгжих гээд  технологийн шийдэл  хүлээгээд байж байх шиг байна.

ЦААСАН ХЭВЛЭЛҮҮД ИРЭЭДҮЙН УНШИГЧАА БЭЛДЭЖ БАЙНА 

– Тэгвэл  цаасан хэвлэлийн чиг хандлага ямар байна вэ?  

-Цаасан хэвлэлийн орон зай ер нь хумигдаж байгаа. Мэдээж байнгын уншаад сурчихсан, чанартай хэрэглэгчидтэй томоохон сонингууд ирээдүйн уншигчдаа бэлдэж байх жишээний. “Нью Иорк Таймс” гэхэд  хүүхдүүдэд зориулсан Нью Иорк Таймс Кидс гээд сонин гаргадаг  болсон байна. Цаасан хэвлэлээ  VR  контентыг үзээрэй гээд сониныхоо хажууд эвхдэг VR дуран өгөх жишээний. Энэ мэтээр хослуулж ажиллаж байна.

Манайд бол өдөр тутмын сонинууд  жил дараалан буурсаар байна. Мэдээ, мэдээллийн чанар ч нөлөөлж байна.  Би “Балдорж” сангийн уралдаанд “Өдрийн сонин”-ы жишээн дээр нэг шүүмжээр оролцсон.  “Өдрийн сонин” гэхэд л наймхан нүүрээр хэвлэгддэг болсон, мэдээ, мэдээллийн чанар ч суларсан байна. Мэдээж хүний нөөц, бусад олон хүчин зүйлтэй холбоотой байх.

Хэвлэлийн хүрээлэнд хэрэгжиж байгаа эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төслийн хүрээнд “Сиатл Таймс” гээд орон нутгийн сониныг судалсан.  Нийт 11 удаагийн Пулицерийн  шагналтай  тэр сонины эрэн сурвалжлага, орон нутагт болж байгаа  үйл явдлуудын талаарх амьд сурвалжлагууд, цэгцтэй мэдээлэл зэрэг нь их алдартай.

МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ, СЭТГҮҮЛ ЗҮЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ДУНД СУРГУУЛИАС НЬ ЭХЛҮҮЛЭХ ЁСТОЙ 

-Манайхан  сошиал дээр явж байгаа төрөл бүрийн мэдээллийг ялгаж, салгах явдал дутмаг. Хуурамч мэдээллээс өөрийгөө хамгаалах,тархи угаалтад автахгүй байх боловсролд хэрхэн яаж суралцах вэ?

-Мэдээллийн боловсролыг бүх шатанд л олгох гээд  үзэх байх даа.  Насан туршийн боловсролын төв гэж 21 аймаг, сум болгонд салбартай том сүлжээ газар байсан. Мэдээллийн боловсрол, мэдээллийн аюулгүй байдал гэсэн сургалтыг тэднийхтэй хамтраад зохион байгуулж байсан. “Дунд сургуульд үзэх сэтгүүл зүй” гээд Америкийн сурах бичгийг 2000-аад оны эхээр  орчуулж гаргаж байсан.  Ер нь дунд  сургуулиас нь эхлээд л мэдээллийн боловсролыг олгох ёстой.  Киноны суурь боловсролоор жишээ нь баримтат  кинонд худлаа юм яагаад байж болохгүй юм,  арилжааны киноноосоо юугаараа ялгаатай юм гэхчилэн зайлшгүй олгох боловсрол байна.

Сэтгүүл зүйн суурь боловсролыг хүмүүст ойлгуулахдаа жишээ нь, сэтгүүлч гэж хэн бэ гэдгийг ойлгуулахгүй бол салбарын нэр хүнд унаж байна, тиймээ. Ардчилсан сэтгүүл зүйн 200 жилийн ийм норм стандарт байна гэдэг ч юм уу. Сэтгүүл зүйн нэр хүнд унана гэдэг  нийгэмд аюултай  зүйл болчихоод байна шүү дээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn