Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Францын “Орано” групптэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцжээ. ЗГХЭГ-ын дарга Н.Учралын мэдээлснээр .санхүүгийн загварчлалыг олон улсын зарчмаар Монголын тал хийж гүйцэтгэжээ. Мөн хөрөнгө оруулалтын үндсэн төслийг Монголын тал хийсэн байна.
Хөрөнгө оруулагч Францын талаас 15 төрлийн татвар, хураамжийг өгөөж гэж үзэхээр санал өгсөн ч манай талаас ус ашигласны болон агаар бохирдуулсны зэрэг хэд хэдэн төлбөрийг өгөөж гэж үзэхгүй байх санал өгснийг Францын тал хүлээн авчээ.
Монголын Засгийн газрын үр өгөөжийн хамгийн гол ашиг нь АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/, ААНОАТ /Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар/, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих санхүүжилт зэрэг байхаар гэрээ хийгдэж байгаа аж.
Мөн Монголын Засгийн газар давуу эрхийн 10 хувь эзэмшсэнээр ямар ч хариуцлага хүлээхгүй, ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй бөгөөд хөрөнгө оруулагч тал 500 сая ам.долларыг эхний санхүүжилтийг босгохоор болжээ.
Мөн гурван жил тутамд байгаль орчны аудит хийлгэх үүргийг хөрөнгө оруулагч талд хүлээлгэжээ. Хөрөнгө оруулагч тал нь Дорноговь аймгийн болон Улаанбадрах сумын Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах аж. Дээр нь уурхайн олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь монгол хүн байна гэж тооцсон. Харин олборлолт эхлэх 2028 он хүртэл бол 60 хувь нь монгол иргэн байх юм.
Монгол ажилчдын 5-аас дээш хувь заавал тухайн сумын иргэн байхаар гэрээнд тусгажээ. Аймаг, сумын Засаг дарга нартай хамтарсан гэрээ байгуулснаар сар бүр 1 сая ам.доллар өгөхөөр гэрээнд тусгаж байгаа аж. Уг мөнгийг юунд зарцуулахаа ТУЗ болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар хэлэлцээд явах ажээ.
Хэрэв талуудын хооронд татвартай холбоотой маргаан үүсвэл дотоодын шүүхэд хандах бөгөөд шууд арбитрт хандах эрхгүй байх зохицуулалт орсон байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “ 27 жилийн өмнө анх төлөөлөгчийн газраа нээснээс хойш “Орано”-гийн төслийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хөдөлгөж байна” гэв.
Хамгийн гол нь Монголд ирэх өгөөж 50+1 буюу ард түмэн байгалийн баялгаа эзэмшинэ гэдэг зарчмаар ажилласан гэлээ. Мөн Үндэсний баялгийн санг дүүргэхэд энэ төсөл өндөр үр ашигтай гэв.
Монголын Засгийн газар 10 хувийн давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа тул ТУЗ-д нэг хүн байх бөгөөд тэр хүн ТУЗ-ийн бүх шийдвэрт хориг тавих эрхтэй байх ажээ.