Ерөнхийлөгч Юн Сук Ёол шөнө дөлөөр дайны онц байдал зарласан нь дотоодын өрсөлдөгчид, хэвлэл мэдээлэл, тэр ч байтугай өөрийн Консерватив намтай тэрсэлдэхэд хүргэж, түүний улс төрийн ирээдүйг эргэлзээтэй болгов.
Түүнийг онц байдал зарласны дараа Солонгосын парламент, тэр дундаа намынх нь зарим гишүүд Онц байдлыг цуцлах шийдвэр гаргаснаар хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгч өөрийнхөө шийдвэрийг цуцлав.
Юн эдийн засгийн бодлого, дуулиан шуугиан, жендэрийн асуудлаарх олны дургүйцэл дунд 2022 онд Солонгосын түүхэн дэх хамгийн хатуу ширүүн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм.
Тухайн үедээ түүнийг Хятад, Орос болон бусад газарт өсөн нэмэгдэж буй авторитаризмын эсрэг ардчиллыг нэгтгэх АНУ-ын хүчин чармайлтын хамтрагч хэмээн барууны удирдагчид хүлээн авч байжээ.
Гэсэн ч түүнийг Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны даргаа Батлан хамгаалахын сайдаар томилох үед дайны онц байдал зарлах бэлтгэлээ хангалаа хэмээн сөрөг хүчин хардаж байв.
Энэ оны 1-р сарын 20-нд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолын өмнө хийсэн Юны энэхүү алхмын хийлээ. Юн АНУ-ын өмнөх ерөнхийлөгчтэй Солонгост байрлаж буй АНУ-ын цэргүүдийн худалдаа, төлбөр төлөх асуудлаар зөрчилдсөн юм.
Сөүл дэх Ханкук Гадаад судлалын их сургуулийн профессор Мэйсон Ричей “Солонгос олон улсын нэр хүндэд маш их анхаарал хандуулж буй энэ үед Ерөнхийлөгчийн хийсэн энэхүү алхам нь Солонгосыг маш тогтворгүй мэт харагдуулж байна. Энэ нь санхүү, валютын зах зээл болон Солонгос улсын дэлхий дээрх дипломат байр сууринд сөргөөр нөлөөлнө” гэж мэдэгджээ.
Барууны нэг дипломатч Солонгос хэрэв дотооддоо онц байдал зарлавал үндэстэн дамнасан дипломат хүчин чармайлтад нэгдэх тухай яриаг улам хүндрүүлнэ гэжээ.
АНУ-д төвтэй Стимсон төвийн судалгааны төвийн Женни Таун хэлэхдээ, энэ алхам нь “цөхрөнгөө барсан бөгөөд аюултай” санагдаж байна. Юны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах эхлэл байж магадгүй юм” гэжээ.
АРДЧИЛЛЫН ЭЛЭГДЭЛ
Шведийн Готенбургийн их сургуулийн дэргэдэх Ардчиллын төлөв байдлын хүрээлэнгээс өнгөрсөн 3-р сард гаргасан жилийн тайландаа, өмнөх засаг захиргаатай холбоотой болон жендэрийн эрх тэгш байдал, эрх чөлөөнд халдсан гэмт хэргүүдийг иш татан, Юн Ерөнхийлөгч болсноос хойш Солонгост ардчиллын ухралт болж байгаа гэжээ.
Юн шүүмжлэлийг худал мэдээлэл хэмээн няцааж, зарим хэвлэл мэдээлэлд хэрэг үүсгэж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг хүртэл авч байжээ. “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас энэ онд зарласан дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Юны удирдлага дор Солонгос 47-оос 62-р байр руу унажээ.
Тэрээр “Хойд Солонгосыг дэмжигч” эсвэл “төрийн эсрэг” хүчнүүд түүнийг шүүмжилдэг хэмээн өөрийг нь шүүмжилсэн талынхныг буруутгадаг байв.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулиар Ерөнхийлөгчийн эрх баригч Консерватив Ардын хүчний нам ялагдал хүлээсэн бөгөөд гол сөрөг хүчин болох Солонгосын Ардчилсан нам Үндэсний ассамблейн 300 суудлын 175-ыг авчээ.
Солонгосын Ардчилсан нам төсөв болон Юны эхнэр, дээд албан тушаалтнуудыг шалгах асуудлаар Юнтой зөрчилдөөнтэй байв.
НЭМЭЛТ:
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Үү Вон Шиг гишүүдээ яаралтай дуудан хуралдсанаар Онц байдал зарласныг дэмжээгүй шийдвэрээ шөнийн 02:35 цагт гаргасан тул Үндсэн хуулийн 77.5 заалтын дагуу Юн Сок Ёл Ерөнхийлөгч зарлигаа хүчингүй болгосон. Юн Сок Ёлын өөрийнх нь намын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхийлөгчийг намаасаа хөөх, Засгийн газрыг татан буулгах, Батлан хамгаалах салбарыг чөлөөлөх талаар хэлэлцжээ. Өглөөний 09:00 цагаас иргэд жагсаж эхэлсэн байна. Иргэд Юн Сок Ёл Ерөнхийлөгчийг “Үндэслэлгүйгээр Онц байдал зарлаж, төрийн эргэлт хийхийг завдсан…” гэж буруутгаж байна.
Эх сурвалж: Korea times