УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн 2025 оны улсын төсөвт Хөвсгөл аймгийн бүх суманд бяслагны үйлдвэр барина хэмээн 20 тэрбум төгрөг суулгасан.
Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны дарга, Засгийн газраас УИХ-д орж ирсэн төсвийн төслийг хянаж, нягталж, шаардлагүйг нь хасаж илүү чамбайруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээдэг Ажлын хэсгийн дарга.
Харамсалтай нь уг ажлын хэсэг үүрэгт ажлаа хийгээгүйгээс 2025 оны улсын төсөв батлагдангуутаа “ТОДОТГОЛ ХИЙНЭ” гэсэн шийдвэртэй батлагдсан.
Яагаад Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсэг ажлаа хийгээгүй юм бэ гэсэн чинь “Бяслагны 20 тэрбумаа явуулах гээд ажлын хэсгийг хуралдуулаагүй” гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг ярьсан. Тэрээр “Ийм байж болох юмуу” хэмээн хатуухан шүүмжилсэн. Гэвч аль хэдийнэ 35.8 их наядын зарлагатай, 1 их наяд 930 тэрбумын алдагдалтай төсвийг батлаад, өнөөдөр тодотгол хийхээр зэхэж сууна.
Тэгвэл Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн үнэхээр төрөлх Хөвсгөл аймгийнхаа сумдад барих бяслагны үйлдвэрийн 20 тэрбумын төлөө бүхэл бүтэн улсын төсөвт хариуцлагагүй хандсан уу? Үнэхээр 20 тэрбумаар бяслагны үйлдвэр бариад урд хөрш рүү экспортод гаргах уу? Бяслагны үйлдвэр нэрээр өмнө нь төсвөөс хэчнээн төгрөг авсан бэ? Гэх зэрэг асуултад хариулт хайлаа.
Ямартай ч тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны 10 дугаар сарын 20-ны УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр бяслагны үйлдвэрийн экпортыг хэрхэн дэмжих талаар тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас асууж, хэрэв энэ асуудлыг дэмжихгүй бол “Хатуу ярина” хэмээн анхааруулжээ.
Энэ бичлэгийг Ц.Даваасүрэн: Бяслагны үйлдвэрлэл, экспортыг хэрхэн дэмжих вэ? Линкээр үзнэ үү. Тэрээр энд “Хятадтай бяслагны экспорт хийх худалдааны гэрээ хаачив? Гэрээг байгуул, Оростой байгуул. Оросын ресторанууд авья гээд байгаа юм билээ” хэмээжээ.
Тэгэж хэлснийхээ дараа 2021 оны Улсын төсвөөс эхлээд “Хөвсгөлийн сумдад барих бяслагны үйлдвэрт мөнгө тавиулж эхэлжээ.
Улсын төсөвт тавиулсан мөнгөн дүнг доор жагсаав.
Хэдэн оны төсөв | Төсөвт өртөг | Санхүүжих дүн |
2021 | 4 тэрбум | 1 тэрбум 400 сая |
2022 | 4 тэрбум | 1 тэрбум 330 сая |
2023 | 3 тэрбум 617 сая | 887 сая |
2024 | 6 тэрбум 836 сая | 1 тэрбум 330 сая |
2025 | 20 тэрбум
|
|
Эндээс харвал Хөвсгөл аймгийн сумдад баригдах бяслагны үйлдвэрийн төсөвт өртөг 2024 оноос өсч, 2025 онд 20 тэрбум төгрөгт хүрчээ. Харин 2021 оноос эхлэн тодорхой хувь хэмжээгээр санхүүжилт авсаар энэ дүн 4 тэрбум 949 саяд хүрсэн байхаар байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хөвсгөл бяслаг экспортлогч аймаг болно. Бид дан ганц нүүрсний экспортын орлогоор амьдарч болохгүй. Нүүрсний үнэ унавал, хэрэглээ буурвал манай улс орон санхүүгийн хувьд хямрах эрсдэлтэй. Экспортын олон эх үүсвэртэй болохын нэг боломж бол ХАА-н салбар. Өөр бидэнд хийгээд гадагш экспортлох зүйл алга.
Гадны бяслагны 60-70 хувь нь л сүү. Манайх цэвэр 100 хувь сүүний эко бяслаг үйлдвэрлэх боломжтой орон.
Хувийнхан хийнэ хийгээд 30 жил боллоо. АПУ-гийн бяслагны үйлдвэрийг эс тооцвол бараг байхгүйтэй ижил. Тиймээс аймгийнхаа бүх суманд өндөр технологийн бяслагын үйлдвэр бариулж байна. Гадныхан биднийг үйлдвэрлэгч биш халамжийн ядуу улс байлгаж хараат байхыг эрмэлздэг.
90 онд бидний үйлдвэрүүдийг хэрхэн дампууруулсныг мартаж болохгүй. Тэр бодлогыг нь сурталчлагч харийн цустай зарим нэг манайхан зогсоох гэж улайрч байх шиг. Нохой хуцаж л байг жингийн цуваа зогсолтгүй явж очих зорилгодоо хүрэх болно.” гэж хэлээд 2025 оны төсөвт 20 тэрбум төгрөг суулгаад бөөн хэрүүлийн алим тарьсан билээ.
Хөвсгөл аймаг дахь бяслагны үйлдвэрүүд ашиглалтад ороод, дэлхийн технологид нийцсэн бяслаг үйлдвэрлээд гадагш экспортолдог болно гэдэг өнөөдөр асуултын тэмдэг болжээ. Учир нь, ХХААХҮ-ийн сайд Л.Болорчулууны үед тус аймагт баригдах бяслагны үйлдвэрийн нэг тэрбум 400 саяын тендер зарлагдаад хүчингүй болсон байна. Энэ тухай Эгүүр сайтад нийтэлжээ.
ХХААХҮЯ-нөөс Хөвсгөл аймгийн Мөрөн, Чандмань-Өндөр суманд бяслагны үйлдвэр барих тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарлажээ. Гэвч “Бунбах” нэртэй ганц компани оролцож шаардлага хангаагүй тул амжилтгүйд тооцсон тухай мэдээлжээ.
Ер нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн бяслагны үйлдвэр нэрээр төсөвт суулгасан олон тэрбум төгрөгийн үр ашиг хаана байна, тухайн үйлдвэрүүд үнэхээр баригдсан уу зэрэг асуудлыг бид дараа сурвалжлан хүргэх болно