Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өнгөрсөн оны 12-р сарын 23-нд УИХ-аар баталсан. Уг хуульд “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно” гэсэн заалт орсон. Энэ дагуу нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү гэсэн тооцоо хийжээ.
Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх захирамжийг гаргасан нь энэ сарын 8-наас хэрэгжиж эхлээд байна.
Тэгвэл энэ шийдвэр нь иргэдийн өмчлөх эрхэнд халдаж байна хэмээн өчигдөр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө” бүлэгт “Монгол Улсын иргэд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” хэмээх заалтыг зөрчжээ.
Үнэхээр ч Монгол Улсын иргэний шударгаар олж авсан хөрөнгийг улсын дугаараар боомилон унах боломжгүйд хүргэж буй нь шууд өмчлөх эрхэнд халдсан шийдвэр юм.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дараах таван шаардлагыг хангаж буй тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох юм.
Үүнд,
- 1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
2. Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
3. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
4. Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
5. Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
Эдгээр таван шалгуураар зөвхөн үнэтэй, сүүлийн үед үйлдвэрлэсэн машин худалдаж авбал Улаанбаатар хотод унах эрх үүсч буй нь хүнийг өмч хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхжээ. Тийм ч учраас Хан-Уул дүүргийн иргэн Ш.Ербол нар дээрх шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа өчигдөр мэдэгдлээ.
Тэрээр “Хэрвээ төр засаг нь үнэхээр хүний эрх, ардчилал, шударга ёсыг дээдэлдэг юм бол бидний гаргасан гомдлыг Үндсэн хуулийн цэц хүлээж авах ёстой гэж үзэж байна” гэсэн юм.
Харин Баянгол дүүргийн иргэн Баттулга “ 2024 оны дөрөвдүгээр сард банкны зээлээр машин захиалсан. Өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа бөгөөд саяхан Тяньжинаас хөдөлсөн гэж байна. Би банкныхаа зээлийг зургаан сар төлж байгаа. Гэтэл машин маань ирэхээр номергүй, гааль дээрээс машинаа хэрхэн авах нь тодорхойгүй байна. Хэрвээ машин номергүй бол миний өмч биш болчихно. Улсын дугаар авах шалгуур үзүүлэлтүүдтэй ч санал нийлэхгүй байна. Хүний өмч хөрөнгөтэй байх эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” хэмээн ярьжээ.