2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэх тухай УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин Б.Түвшин нар мэдээлэл хийлээ. Гишүүдийн зүгээс төсвийн үргүй зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг тавьж байна.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд, маш их үргүй зардалтай гэж аудитын дүгнэлт гарсаар байтал энэ жил 26 их наяд болгож оруулж ирлээ. Уул уурхайгаасаа олж буй мөнгөө иймэрхүү үргүй зардалд зармааргүй байна. Нийт орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Үргүй зардал, төсвийн тэлэлт иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх гээд байна. Инфляци хоёр оронтой тоо руу шилжих, төгрөгийн ханшийг сулруулах эрсдэлтэй байна. Бид 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх, зайлшгүй хийх засваруудыг хийх шаардлагыг тавьж байна.
Төсвийн урсгал зардлыг 3.6 их наядаар бууруулах шаардлагыг тавьж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр аль ч шатанд Засгийн газар төслөө буцаан татах боломжтой байдаг. Мөн төсвийг нэн яаралтай горимоор хэлэлцээд явахад арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлагдах боломжтой. Бид нэн яаралтай горимоор олон хуулиудыг хэлэлцээд баталдаг. Ард иргэдийн амьдралтай холбоотой, татвар төлөгчдийн махаа идэж байж олсон мөнгийг хэрхэн буцаагаад ард иргэдэд нь хуваарилах вэ гэсэн маш чухал асуудал. Хүч түрэн үргүй зардал шингэсэн төсвийг батлавал иргэд л хохирно. Ерөнхий сайд хариуцлагатай хандаж, хамгийн чухал зүйлсээ үлдээж, үргүй зардлаа хасаж оруулж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн бид дөрвийн ярьж байгаа асуудал бол олон нийтийн биднээс шахаж шаардаж буй л зүйл.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Хэлэлцүүлгийн үе шатуудад хэдий зардал танах санаачилга гаргасан ч боловч төсвийг танах, эсрэг байр суурьтай саналуудыг дэмжихгүй, унагааж байна. Засгийн газар энэ саналаа татаж аваад, бууруулаад оруулж ирэхэд цаг хугацааны хувьд боломжтой гэж харж байна.
Хамтарсан Засгийн газарт орсон МАН, ХҮН, АН-ын гишүүддээ дөрөвхөн сарын өмнө амласан амлалтаа битгий мартаач ээ гэж уриалмаар байна.
3.6 их наяд бол жижиг, дунд ААН-үүдийн татварыг 50 хувь бууруулж болохуйц дүн.