Дуутын хадны бичээсийг сэргээх нэрээр алх,цүүц барин дайрчээ

Цогт Хунтайжийн дуутны хадны бичээсийг сэргээх нэрээр алх,цүүц барин дайрсан хэрэг гарчээ.

Энэ тухай   түүхч Ю.Болдбаатар сошиал хуудсандаа бичсэн байна. Тэрээр, “Цогт хунтайжийн Дуутын хадны бичээсийг дээрээс нь цохиж тодруулан баллаж, сохолж парвийлган хадны өнгөрийг холтлон гэмтээсэн явдлыг баримтаар харж гашуудав. “Дуутын хадны бичээс”-ийн 400 жилийн ой 2024 онд тохиож буйтай холбогдуулан зохиосон МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн Профессорын судалгааны семинараар тус салбарын багш, уран бичээч Онолт Тогообатын Жамъянсүрэн “Дуутын хадны бичээс буюу Сэтгэшгүй чандмань сүмийн үсгийн урлаг” сэдэвт илтгэлийг өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцүүлэв.
Зав зай гарган арайхийн төгсгөлд нь очив. Илтгэлийн үндсэн хэсэг нь бол Цогт хун тайжийн бидний мэдэх Туулын Цагаан байшин (Төв аймгийнДашинчилэн сумын нутаг дахь) бол тухайн цагийн шашин, соёлын, чингэхдээ үсгийн урлагийн нэгэн өвөрмөц төв байсныг, мөн тэрхүү үсгийн урлагаар Дайчин хиа, Амар хиа, Гүюн баатар нар хэзээ, хэрхэн бичсэн болохыг цаг нартай нь шахуу маш сонирхолтой судалгаагаа танилцуулсан бол төгсгөлд нь дурсгалын буюу бичээсний үг үсгийн өнөөгийн бодит нөхцөл байдал ямар байгаа тухай товч мэдээлсэн нь гүнээ харамсах сэтгэлийг төрүүлэв.
XVI-XVII зууны үеийн Монголын түүх, соёлын, түүний дотор түүх, уран зохиол, хэл шинжлэл, бичээс судлалын, чингэхдээ тухайн цагийн хаданд үлдээсэн бичээснүүдийн дотроос “…хас эрдэнэ мэт хаднаа Дайчин хиа, Гүюн баатар бичив” хэмээн төгсгөсөн хаднаа гэрэлт хөшөө мэт үлдээсэн хосгүй нандин өв Дуутын хадны бичээсийг анхны эхээрээ байх нь шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой. Гэвч үүнийг мэдэхгүй бүдүүлэг ухвар мөчид нөхөд бүдгэрч байна хэмээн аврах гээд алх, цүүцээр тодруулсан нь тэр цагийн жинхэнэ бичгийн өндөр боловсролтой хийгээд, тэгэхдээ бүр уран сайхан бичгийн мастеруудын ур чадварт бараадахгүй эдүгээх мөнхрөлийн гавьяат үйлсийг бүтээх санаатай мөхөс нөхдийн гэмтээж устгах гайтай үйл, үйлдэл болжээ.
Орон нутгийн шат шатны удирдлагууд, соёлын ажилтнууд ажлаа, үүргээ сайн мэдэж хариуцлагатай хийхгүй бол энэ мэтээр түүх соёлын дурсгалуудыг тодруулах нэрээр устгах явдал хадны зураг, буган хөшөө, хүн чулуу гээд бусад дурсгалууд дээр ч гарсаар байгаа нь үнэн билээ.
Будаг, тос байсан бол Соёлын өвийнхөн тухайн бодисыг шинжлээд арилгаж уусган цэвэрлэж сэргээн засварлах л байх. Айхтар сүү, тос болсныг нь урьд тэд арилгаж байсан. Гэтэл энэ мэт дурсгалын орших гадаргууг нь гэмтээж ховхолсныг яаж ч сэргээх билээ? Энэ тухтай нь аргагүй сэргээж буй хэмээн гэмтээж устгасан нөхдийг сум орон нутгийнхан мэдэж л байгаа даа. Иргэд минь ээ, түүх соёлын дурсгалуудаа хайрлацгаая” хэмээжээ.
Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Монголын эх оронч Цогт тайжийн 1624 онд сийлүүлсэн шүлэгтэй хадыг Дуутын хад гэдэг.
Цогт тайжийн эгчээ санан хэлсэн шүлгийг түүний Дайчин хиа, Гүенбаатар нар 4 жилийн дараа буюу 1624 онд Дуутын хад хэмээх хар чулуунаа бичиж үлдээсэн нь бичиг соёлын гайхамшигт өв болон бидний үед хадгалагдан ирсэн түүхтэй. Дуут хад хэмээх нь цохиход ширмэн тогоо шиг хан хийсэн дуу авиа гарах ба гаднаа хар боловч дотроо цагаан саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой хад юм.

Энэхүү бичээсийг Чин гүрнээс өмнөх үеийн Буддын шашны яруу найргийн хэв маягийг шингээсэн XVII зууны Монголын хосгүй бүтээлд тооцдог.

Францын нийслэл Парис хотноо 2023 оны 5-р сард хуралдсан ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтжээ.

Дуутны хадны бичээсийг сийрүүлбэл:

Тус бичээсийг сийрүүлбэл:
Дээр тэнгэр хааны аху хийгээд
Дэлхий дэх хан Богдсын аху газар
Дээр дорын ялгал буй боловч
Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.
Агнистайн агуй дахь бодисадва нар хийгээд
Алтан дэлхий дэх бодь сэтгэлтэн хоёрын
Ахуй газар ангид боловч
Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.
Энд хан Богдсын сайн түшмэл хийгээд
Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын
Ёс өнгө өөр боловч
Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Аху бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй.
Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй.
Онон мөрөнд ахуй Халуут эгч минь хийгээд
Орхон Туулд агч өвчит бид хоёр
Халх Онигуудын газар хол боловч
Хайрлан саналцахын агаар нэгэн буй за.
Энэ биендээн эс золголцвоос
Эгүүнээс хойш төрөл тутамдаан
Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт
Элдэв үйлээр туслалцах болтугай.
(Хэрэв энэ насандаа уулзаж эс чадваас дараа дараагийн төрөлдөө эх охин хоёр мэт бие биенээ хайрлан явъя гэсэн санааг хэлжээ)

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn