Нэг их наядаар бүтэх Үндэсний хиймэл дагуул иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

Ирэх оны улсын төсөв хэлэлцэж, мега төслүүдийн толгой эргэм том мөнгөний тоо яригдаж буй өдрүүд үргэлжилж байна.
GEREG.MN сайт “Том тоо Таны амьдралд” нэрийн дор их наяд, тэрбумаар тоологдох их мөнгөний төслүүд  иргэдийн амьдралд хэрхэн өгөөжөө өгөх вэ? Гэдэг мэдээллийг хүргэж байхаар боллоо.
Энэ удаа ЗГХЭГ-ын дарга Н.Учралын “зүтгүүлж буй” Үндэсний хиймэл дагуулын төслийн мэдээллийн онцоллоо.

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хэлснээр Монгол Улс сансарт замгүй, тиймээс өөрийн гэсэн замтай болж, түүнийгээ ChinggesSat гэж нэрлэхээр болжээ. Sat гэдэг нь англиар satellite буюу хиймэл дагуул гэдэг үгийн товчлол.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр Монгол Улсаа сансарт өөрийн гэсэн замтай болгоход ямар ч байсан 220 сая евро буюу монгол төгрөгөөр 836 тэрбум төгрөгийн зардал гарах ажээ. Цаашдаа хиймэл дагуулын хөөргөлт, ашиглалтын зардал гээд нэг их наяд давах тооцоо бий.

Тухайлбал, хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро, зөвлөх үйлчилгээ 3 сая евро, даатгал 40 сая евро байхаар төлөвлөжээ. Мөн үүн дээр ажиглалтын зардалд нэмэгдэнэ. Нэг жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро байна. Ингээд нийт зардал 328 сая евро байх аж.

Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр, ТЭЗҮ-д шаардагдах 220 сая еврогийн 82 саяыг (300 гаруй тэрбум төгрөг):

  • Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр
  • 124 сая (471 тэрбум төгрөг): ОУ-ын банкуудын арилжааны зээлээр
  • 68 тэрбум төгрөг: Улсын төсвөөс (Энэ нь дээрх арилжааны зээлийн урьдчилгаа)
    Энэхүү 68 тэрбумыг улсын төсөвт суулгажээ.

Улсын төсөв бол ард түмний өнөөдөр төлж буй татварын мөнгө, харин зээлийг ирээдүй хойч үе төлөх юм.Гол нь боловсрол, эрүүл мэнд зэрэг бусад үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хороон байж, басхүү ирээдүйд их өр тавин байж хиймэл дагуул хөөргөхийн ач холбогдол улсын хөгжил, ард иргэдийн амьдралд ямар ач холбогдолтой вэ?

ЗГХЭГ-ын дарга, төслийг санаачлагч Н.Учралын хэлж буйгаас хоёрхон ач холбогдлыг дурдья.

Нэгдүгээрт, Хиймэл дагуул бол сансрын технологи. Энэ технологиор дэлхийн улс орнууд өрсөлддөг учраас тусгаар улсын хувьд стратегийн ач холбогдолтой ажээ. Жишээ нь, Монгол Улс өнөөдөр гамшгийн мэдээг гаднын хиймэл дагуулаас авдаг. Харин өөрийн хиймэл дагуултай болсноор гамшигийн мэдээг цаг алдалгүй авч, гамшиг ослоос урьдчилан сэргийлж, хохирол багатай даван туулах боломжтой болох ажээ.

Хоёрдугаарт, өргөн уудам нутагт тархан суурьшдаг монголчуудад интернэтийн хүртээмж эрс сайжрах аж. Одоогоор хүн амын 30 орчим хувь нь л интернэтэд холбогдох боломжтой буюу шилэн кабелийн сүлжээнд холбогдоод байгаа аж.
Шилэн кабель гэдэг нь мэдээллийг асар хурдтай дамжуулах холбооны кабел утасны технологи бөгөөд заавал түүнийг холбож байж тухайн орчиндоо интернэт сүлжээ хэрэглэх боломжтой болно гэсэн үг.
Харин сансарт Монгол Улс өөрийн хиймэл дагуулаа хөөргөчихөөр ямар нэг орон зайн хязгааргүй бүх газар интернэт хэрэглэж болох өргөн боломж нээгдэх юм.

Хүний гараар зохион бүтээж, сансрын тойрог замд оруулсан дагуулыг хиймэл дагуул гэх бөгөөд дэлхийг тойрон эргэж байдаг сар гэдэг дагуулаас ялгаатай нь “ХИЙМЭЛ ДАГУУЛ” юм.

Дэлхий дахинд өнөөдөр Элон Маскийн “SpaceX” компанийн бүтээсэн “Starlink” хиймэл дагуулууд алдартай бөгөөд дэлхийн тойрог замын нэлэнхүйд хөөрч, дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт хүргэж байна.
“Starlink” хиймэл дагуулыг дэлхийн 30 гаруй улс ашигладаг бөгөөд өнгөрсөн жил Монгол Улс Старлинк-д тусгай зөвшөөрөл олгож, Монгол орны өнцөг булан бүр өндөр хурдны интернетэд холбогдох боломж бүрдэж байв.

Тэгвэл одоо Монгол Улс сансарт өөрийн дэд бүтэц буюу замтай болохоор Засгийн газар шийдвэрлэжээ. ChinggesSat хиймэл дагуул нь хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг юм.

Манай нэг нийлэлч  “Өөрөө эхлээд дагуул улс байхаа больё, дараа нь хиймэл дагуултай больё” хэмээн хошигножээ. Уг нь бол Үндэсний хиймэл дагуулаар улсаа хөгжүүлж, иргэдээ интернэтээр бүрэн хангаж, хөгжлийг авч ирэх зорилгыг Засгийн газар тавьжээ. Хиймэл дагуул үнэтэй юу, яг хийж чадах уу гэдэг бол тусдаа асуудал.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn