Боловсролын сайдын 2024 оны долоодугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг, сум, багийн болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг баталсан. Энэ дагуу 2024-2025 оны хичээлийн жилд 1-11 дүгээр анги 34 долоо хоног, III-V анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, Х-ХІІ анги 37 долоо хоног тус, тус хичээллэнэ.
Хичээлийн жилийн бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж Хичээлийн жилийн I, II улирлын бие даалтын долоо хоногт зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжид тусгаад буй.
Бие даалтын долоо хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь орон нутаг, сургуулийн онцлогт уялдсан дараах зарчим, шаардлагад нийцсэн байхыг тусгажээ. Үүнд,
-Үйл ажиллагаа нь суралцагчдын суралцах арга барил, хөгжил төлөвшил, эрүүл мэнд, харилцаа хандлагад илэрч буй асуудлыг тодорхойлон түүнийг арилгахад чиглэсэн, нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх;
-Аливаа үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамж, хандив хураах зэргээр эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчид дарамт үүсгэхгүй байх;
-Суралцагчийн ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандах, суралцагч бие даан суралцах болон хамтран суралцах боломжтой бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн байх;
–Суралцагчдад очих ачааллыг тооцож, үйл ажиллагааг нэгтгэн интеграц байдлаар зохион байгуулах, тухайлбал бие даан гүйцэтгэх ажлыг сонирхлын дагуу баг болгон байгалийн ухаан, нийгмийн ухаан гэх мэт судлагдахууны интеграц хэлбэрээр өгч болох бөгөөд хийж гүйцэтгэх хугацааг бага ангид өдөрт 15-20 минут, дунд болон ахлах ангид өдөрт 30-40 минутаас ихгүй байхаар төлөвлөх;
-Суралцагчид хамтарч ажиллах, бусдад туслах, нэгнийгээ хүндэтгэх эерэг хандлага, дадал, төлөвшилд суралцахад чиглэсэн байх;
-Суралцагчдын бие даан болон хамтдаа хийсэн бүтээлч ажлыг олон аpra, хэлбэрээр бусдадаа хуваалцах, танилцуулах боломжийг олгосон байх;
-Нийгэм ахуйн онцлогтой уялдсан уян хатан үйл ажиллагааг зохион байгуулах,
Тухайлбал, малчин өрхийн хүүхэд гэртээ бие даах ажлыг гүйцэтгэж болох бөгөөд ахуй амьдрал, уламжлалт ёс заншилтай холбоотой агуулга бүхий “Малчны нэг өдөр”, “Өвөлжилтийн бэлтгэл”, “Манай намаржаа/хаваржаа”, “Миний нутгийн байгалийн үзэмж гэх мэт сэдэв, агуулгын хүрээнд тэмдэглэл хөтлөх, богино бичлэг хийх, зураг авч бусдадаа танилцуулах байдлаар төлөвлөх боломжтой гэнэ.
Бие даалтын долоо хоногийн үйл ажиллагааг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагаатай уялдуулан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн оролцоонд тулгуурлан суралцагчдын хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй аж.
Мөн бие даалтын долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг суралцагч танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, бие даан хөгжих, эерэг хандлага, сэтгэлгээгээр бусдад нөлөөлөх, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох зэрэг хүмүүжил, төлөвшилд гарч буй ахиц, өөрчлөлтөөр тооцох боломжтой.