УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан наад зах нь СӨХ-ний мөнгөө өгдөггүй, санхүүгийн сахилга батгүй иргэдийг хэрхэн хариуцлагатай болгох талаар яригдлаа.
Иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулахын тулд Америкт кредит онооны систем хэрэгжүүлдэг тухай УИХ-ын гишүүн Г.Дамдинням хөндлөө.
Иргэдийн нэр дээр 600 хүртэл оноо үүсгээд, хэрэв санхүүгийн сахилга бат сайтай байвал барьцаа бага, бага хүүтэй зээл олгодог. Харин зээл, төлбөрөө төлдөггүй иргэдэд өндөр хүүтэй, барьцаа өндөр зээл олгодог систем АНУ-д үйлчилдэг гэнэ.
Иргэд, аж ахуйн нэгж санхүүгийн сахилга бат сайтай байсныхаа төлөө банкнаас зээлийн урамшуулал авах нь хаана хаанаа ашигтай гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэллээ.
СӨХ-ний төлбөрөө тогтмол төлдөг ба төлдөггүй хүмүүст ижил нөхцөлөөр зээл олгож байгаа нь шударга бус гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлснээр, Зээлийн мэдээллийн сангийн хуулийн дагуу “Сайн скор”, “Бүрэн скор” гэсэн хоёр компани зээлийн оноо, зэрэглэл тогтоох эрх аваад иргэдэд оноо өгөх ажлыг хийж эхэлжээ.
Иргэдийн регистрийн дугаарыг оноо цуглуулах системд хадгалж, улмаар СӨХ-ний төлбөр, банкны зээл зэргээ цаг хугацаанд нь төлснөөс шалтгаалан оноо цугларах аж.
Хамгийн өндөр оноо буюу 600 оноо цуглуулсан иргэн банкны бага хүүтэй, таатай нөхцөлтэй зээлд хамрагдах боломж бүрдэх ажээ.