Нийтийн тээвэр болон төрийн албаны автомашинд “Евро-5” стандартын шатахуун хэрэглэх албан даалгаврыг БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт даалгасан албан даалгавар гаргажээ.
Уг албан даалгаварт “Нийтийн тээврийн болон төрийн албаны тээврийн хэрэгслүүдэд экологийн өндөр ангиллын “Евро-5” шатахуун хэрэглэж автомашинаас ялгарах агаар орчны бохирдлыг бууруулах, агаар орчны бохирдлын ялгарлын хэмжээ нь стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах”-ыг тусгажээ.
Агаарын тухай хуулийн 16.1.6-д “Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулах”-ыг хориглох заалт 2022 онд тусгагдсан ч хууль хэрэгжүүлэх талаар ямар нэг арга хэмжээ хийгдээгүй байна.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн мэдээлснээр, Монгол Улсад зорчиж байгаа ихэнх автомашинууд Евро-5 стандартын шатахуун хэрэглэх заалттай боловч автомашины техникийн гэрчилгээ дээр бичигдээгүй өөр шатахуун хийснээс болж түлшний зарцуулалт нэмэгдэх, хүч багасах, очлуур хурдан бохирдох, катализатор бөглөрөх, бохир утаа гаргах зэрэг асуудлууд гарч, агаар орчныг бохирдуулж байгаа юм.
Евро-5 дизель түлш нь автомашины утаанаас ялгарах тоосонцрыг 95 хувь, нүүрсхүчил болон метан хийг 80 хувиар, азотын ислийг 90 хүртэл хувиар тус тус бууруулдаг.
Мөн түлш зарцуулалт дунджаар гурван хувь буурч, хөдөлгүүрийн бохирдол 75 хувь хүртэл багасдагийг судалгаагаар тогтоожээ. Тус стандартын шатахуун нь хөдөлгүүрт бүрэн шатдаг учир хөдөлгүүрийн дуу чимээг багасгаж, элэгдлийг бууруулж, эд ангиудад бохирдол үүсгэдэггүй байна.
Евро-5 стандартын шатахуунд агуулагдах хүхрийн агууламж Евро-2 стандартын шатахуунаас 200 дахин бага байдаг ажээ.
2024 оны 9-р сарын байдлаар дунджаар нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд 1191 ширхэг, төрийн үйлчилгээнд 2000 ширхэг тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр тээврийн хэрэгслүүд Евро-2 стандартын шатахуунаас Евро-5 стандартын шатахууныг хэрэглээндээ нэвтрүүлбэл агаарт ялгарах хорт бодисуудыг ихээр бууруулах ач тустай юм.
Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми н зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агаарт ялгаруулдаг бөгөөд эдгээр хүнд элемэнтүүд агаарын доод түвшинд хадгалагдаж, бага насны хүүхдэд илүү хортой гэсэн судалгаа гарсан байдаг.