Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу нүүлгэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн тус яамны харьяа газруудыг ч Дархан-Уул аймаг руу шилжүүлэн байршуулах ажээ. Албаны хүний ярьснаар Дархан-Уул аймагт шинээр баригдсан 10 давхар, спорт цогцолборын барилгад ХХААХҮЯ нүүж очих гэнэ. Нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгажээ.
ХХААХҮЯ 121 ажилтан, алба хаагчтай бөгөөд тэдний 80 хувь нь орон нутагт ажиллахыг дэмжсэн гэж тус яамны газрын дарга ярьжээ. Төрийн захиргааны төв байгууллагыг нүүлгэх асуудалд хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд сайд Ж.Энхбаяр нь Дархан,Сэлэнгэд үхрийн ферм, зочид буудал зэрэг хувийн бизнестэй. Өөрийнхөө бизнес рүүгээ ойртох гээд бүхэл бүтэн яамыг нүүлгэчихлээ гэж үзэхэд хүргэж байна.