Тайзны хатан хаан Дашзэвэгийн Ичинхорлоо буюу амьдралын дэлгэгдээгүй хуудсууд

Зөвлөлтөөс урилгаар ирсэн сургагч А.А.Ефремов гэгч урлагчин, шийчин нарыг цуглуулж Улсын театр гээчийг байгуулах юм гэнэ гэсэн мэдээ хожмоо Монголын хамгийн алдартай жүжигчин, суут эмэгтэй гэгдэх болсон Дашзэвэгийн Ичинхорлоод тухайн үедээ яагаад ч юм сэтгэгдэл төрүүлсэнгүй. Учир нь жил гаруйн өмнө буюу 1928 оны сүүлээр Ё.Шаравдоо тэр хоёрыг “садар самуун, гоё хээнцэр” хэмээн Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ)-ээс хөөж, улмаар Ардын цэнгэлдэх хүрээлэнг нам, эвлэлийн төв хорооны шууд харьяаны жүжгийн бүлгэм гэх статустай болгоод гишүүн бус хүмүүс орж, оролцож болохгүй болгосон юм. Ингэж хожмын хоёр алдарт жүжигчнийг театраас нь зайлуулж байлаа.

Ноён уулын ухуулагч

Энэ бол 1928 оны 10 дугаар сард эхэлж 25 хоног үргэлжилсэн МАХН-ын алдарт 7 дугаар Их Хурлын дараахан болсон үйл явдал. Улс орны удирдлагад Ө.Бадрах нарын зүүнтнүүд гарч ирсэн түүхэн үе. Үндэсний дэвшилтэт ардчилсан үзэл санаатай өмнөх удирдагчдыг “яллан” гарч ирсэн тэд нэн даруй орон даяар МХЗЭ-ийн хоёрдугаар шалгалт гээчийг явуулж, нийгмийн амьдралын тэргүүн эгнээнд байсан хэн бүхнийг өнгө зүс, өмссөн хувцас, үг хэл, үйл заншлаар нь ялган хяргаж эхэлсний зах сэжүүр нь Ичинхорлоо, Шаравдоо хоёр болсон хэрэг байлаа.
“…Дурлан зүтгэж явсан урлагийнхаа ажлаас хагацаж…” хэмээн Ичинхорлоо дурсамж дурдатгалдаа илэрхийлэн бичсэн энэ үйл явдлын дараа тэрбээр эгэл энгийнээр амьдрахаар шийдэн хотын шүүхэд бичээчээр орлоо. Гэтэл орон нутагт суртал нэвтрүүлэх ажилд томилогдон тухайн үеийн Ноён уулын хошуу буюу одоогийн Төв, Сэлэнгэ аймгийн зааг нутгаар уяа улаа хэрэглэн өртөөлж, хамтрал коммуны ажил, ангич, намч үзэл суртлыг ухуулан ажиллахын хажуугаар нутгийн урлагийн авьяастнууд, хүүхэд багачуудыг зохион байгуулан жижиг үзэгдэл, концерт тоглуулж, өөрөө ч дуулж, хуурдаж явжээ. Дурлан зүтгэсэн ажил нь юм хойно арга ч үгүй биз. Зуны гурван сарыг ийн Ноён уулыг өгсөн, уруудан өнгөрүүлээд Улаанбаатарт эргэн ирснийхээ дараахан анхны нөхөр Тогоогийн хамт Ховд аймаг руу томилогдлоо.

Ховдын хязгаарын хилчин

Түүний анхны нөхөр Тогоо Дотоод яамны Ховд аймгийн хэлтэст томилогдоход Ичинхорлоо 19 настай байлаа. Очмогцоо “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ын салбар ангийн өртөөний хэсэгт ажиллахын хамт Ховдын клубд дуулж, хөгжимдөх болжээ. Ер Ичинхорлоо хаа явсан газраа урлаг, соёлын ажилд сайн дураар нэгдчихдэг, төд удалгүй өөрөө удирдан хошуучлаад, найруулан тоглуулаад эхэлдэг байсан нь олон хүний дурсамж, ярианд тодорхой гардаг. Ховдын клубд тэрбээр хожмоо Монгол Улсын Ардын жүжигчин болсон нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Чулуун, Гавьяат жүжигчин, бүжигчин Алимаахүү нарын аав Бүүвэйн Жамъян гуайтай хамт ажиллаж байлаа. Түүнчлэн Гармаа, Лувсандагва, цэргийн хорооны гуулин хөгжмийн удирдагч Жамбажав нарын зэрэг олон авьяастнуудтай жүжиг, концерт боловсруулан тоглож, Булган, Үенч нутгуудаар аялан тоглолт хийж байснаа дурсан бичсэн байдаг. Тухайн үед “улаан гэр”, “монголчуудын клуб” гэгдэж байсан тэдний бүлгэм бусад клубууд буюу “уйгарчуудын”, “хятадын” зэрэг бүлгэмүүдтэй нэгдэн “Ховдын олон ястны клуб” болж өргөжсөн юм. Энэхүү өргөжилтийг зохион байгуулж, өнөөгийн Ховдын хөгжимт жүжгийн театрын үндэс суурийг тавихад Ичинхорлоо зурвасхан хугацаанд ч бол хүчин зүтгэж явжээ.

Эхний эгнээний баруун гар талаас гурав дахь нь Ардын жүжүигчин Д.Ичинхорлоо. 1940 он.

Тухайн үед Монголын баруун хязгаарын байдал амаргүй, амгалан бус байлаа. Ялангуяа баруун өмнөд хэсгээр буюу тухайн үеийн Хантайшир аймгийн Бүсхайрхан уулын хошууны зах нутгаар Хятадын Гоминданы харгис хүчний турхиралтаар хасаг дээрэмчид удаа дараа цөмрөн орж нутгийн ардыг тонон дээрэмдэж, алан хядаж байв.

Ичинхорлоо өөрийн дурсамждаа Шинжааны хилээр нэвтэрсэн дайсан этгээдүүдтэй байлдахад нөхрийнхөө хамт явах болсон тухай нэгэн үйл явдлыг тэмдэглэн үлдээжээ. Түүний тэмдэглэлийг холбогдох сурвалж мэдээтэй тулган үзвэл 1929 оны наймдугаар сард Бүсхайрханы хошууны нутаг Харвахын худаг орчмоор бүлэг дээрэмчид орж ирж, ард Балдан-Осор нарын хэдэн айлыг цөлмөн сүйтгэсэн үйл явдлын үеийг өгүүлсэн бололтой юм.

Ичинхорлоогийн тэмдэглэлд, Улаанбаатараас Самбуу даргатай хороо цэрэг ирж Ховдын хороотой нийлэн явсан, Ховдын хорооны сургагч Давыдов (Давитэй) хүний их эмч мэргэжилтэй эхнэрээ штабын эмчээр дагуулан явсан, бид хоёрхон эмэгтэй байлдааны журам зохион байгуулалтанд орж бүрэн зэвсэглэн явсан гэх мэт мэдээнүүд бий. Тэрбээр өөрөө байлдааны штабын бичээчээр тохоон томилогдож ажилласан байх юм. Морин цэргийн дивиз гурван хоног явж, хориглон байлдах газартаа ирсэн бөгөөд тэрхүү ихээхэн хад уулархаг газарт бэхлэлт хийж арван хоног отжээ. Ийн хүлээсний эцэст дайсан этгээд халдан довтлолгүй буцаж ор мөргүй болсон тухай мэдээ аваад буцсан байна.

Говьд хийсэн энэрэнгүй үйл

Ийн үүрэг гүйцэтгэж байгаад Тогоо арагш татагдан, тэд 1930 оны хавар Улаанбаатарт буцаж ирцгээжээ. Улсын тээх нэвтрүүлэх газарт Зөвлөлтөөс хөрөнгө оруулалт хийснээр энэ үед хоёр улсын хувь нийлүүлсэн “Монгол транс” байгуулагдаад байсан цаг. Ичинхорлоо “Монгол транс”-ын ерөнхий хороонд шилжин ирж, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж эхлэв.
Өнөө Ефремов сургагчийн Улсын театр байгуулах бэлтгэл ажил ч энэ зуур эрчимтэй өрнөж байлаа. Хүүхэд байхаасаа Ичинхорлоотой Сүхбаатарын клубээс эхлэн жүжиг, урлагийн ажилд мөр зэрэгцэн явсан, мөнхүү хамтдаа хасагдсан Шаравдоо түүнд Ховдод байхаас нь л захиа бичсээр байв. Захиа бичгүүд бүгдээрээ л түүнийг ирж, театрт орохыг ятгасан агуулгатай байж. “Би үүнийг сайн ойлгохгүй учир нэг их санаанд оролгүй хийдгээ хийсээр…” гэж Ичинхорлоо захиа бичгүүд дэх ятгалгын тухайд ямар сэтгэгдэлтэй байснаа бичжээ. Үнэндээ тэрээр ойлгоогүй бус төдий л ойшоохгүй байсан хэрэг. Эвлэлээс хөөгдөж, Ардын цэнгэлдэхээс хасагдсан нь хэвээр байсан тул найдаагүй ч байж магад.Ховдоос ирснийхээ дараахан тэрбээр “Монгол транс”-ын дарга Лувсандоогийн хамт жин хэлэлцэх ажлаар Өмнөговь аймагт очсон үйл явдлыг дурсамждаа нэлээд дэлгэрэнгүй оруулсан байдаг. Түүнд, “…урьд Монгол нутгаас оргон зайлсан зарим монголчууд хятадын нутагт амьдран суурьшсан Цахар, Барга зэрэг дээрэмчин этгээдүүд урд хилээр нэвтрэн ирж, Ванчин богдын зарлиг, лүндэн гэх буюу элдэв бусын худал цуурхлыг тарааж… ардын сэтгэл санааг гуйвуулан итгүүлж арав шахам сумын ард иргэдийг хүн ам, мал хөрөнгийн хамт хил давуулан нүүлгэхээр хөдөлгөж, тохиолдсон хоршоо худалдааны байгууллагуудыг дээрэмдэж, галдан шатааж, түүнийг эсэргүүцсэн үнэнч ард иргэд болон нам эвлэлийн гишүүдийг тамлан алах, аюул заналд учруулж байсан…” хэмээн очсон газрын төлөв байдлыг дурайтал зураглан хүүрнэсэн байна. Ичинхорлоо нар дүрвэгсдийг нэхэн шөнө турш явж гүйцээд, амдан угтжээ.

Хилийн цэргийнхэн энэ үед үргэлжилсэн нүүдлийн өмнөөс пулемёт буугаар галлахад дүрвэгсэд сарнин бутарч, тал дээр бөөн бужигнаан болж, их тоос нүүр нүдгүй манаран, эх толгойгүй үймээн дундуур голчлон залуу эрс, хуйларсан адуун сүрэг дүрвэн гараад, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид бог малтайгаа яаж ч чадалгүй хоцорцгоожээ. Үймээн самууны байр байдал, дүр зургийг тэрбээр нүдэнд үзэгдэм тодорхой өгүүлээд цааш бичихдээ, “…Ийм байдлын дотор бид ажиллаж, Данзангийн Дулмаа бид хоёр талаар тархаж эцэг эхээсээ төөрсөн ба шархадсан хүүхдүүдийг цуглуулах ажилд томилогдож, хилийн цэргийн нэг том гэрийг зайчлан бэлдээд тал дундуур хүүхдийг бөөгнөрүүлэн явахад хаврын хүйтэн хавсарганд бээрч даарсан хийгээд шархадсан хүүхдүүд явж чадахгүй бархиралдаж, зарим нь дуугарч, уйлж ч чадахаа больж, тэр өрөвдмөөр амьтдыг үүрэх, тэврэх, зарим нөхцөлгүй болсныг нь нэг газар цуглуулан хучиж орхиод, эргэж машинаар зөөн, дулаан гэрт оруулж халуун юм уулгах, хөлдсөн, шархадсаныг нь бололцооны хэрээр боох…” зэргээр таван хоног ажилласан хэмээжээ. Талаар нэг тарсан хүн, мал бужигнан, эцэг эх, үр хүүхдээ эрж сандран уйлалдах, бие биенээ олсон нь тэврэлдэн учралдах хийгээд үрэн таран болсон ачаа бараагаа цуглуулж ядан явах хүмүүсийг өрөвдөн шимширч, нялх ишиг, хурга гүйлдэн ирж хормой доогуур нь шургалахад 20-хон настай цэл залуухан бүсгүй нулимсаа барьж дийлэхгүй явсан нь лавтай.

Ерөнхий сайдын тушаалаар

“Монгол транс”-т байхдаа ч Ичинхорлоо өнөө л урлаг, уран сайхнаа өрнүүлсээр байлаа. Тамсагбулаг дахь хилийн цэргийн 15 дугаар хороо руу тоглолтоор явсан тухай дурсамждаа тэрбээр, “…тэнд ажиллаж байсан авьяастан хөгжимчин улаан Жамбал, нарийн хоолойт Нацаг, хөгжимчин Чимэд, дуучин эмэгтэй Нямсүрэн, шанзчин Цэрэндулам бид хэд…” хэмээн бүрэлдэхүүнээ нэрлэснээс үзвэл “Монгол транс”-ын урлагийн бригад хэзээний зохион байгуулалттай, туршлагатай болчихсон байсныг илтгэдэг. Энэ тоглолтын замд “Монгол транс” дууг “Хулсан ташуур”-ын аянд зохион дуулсан, дарга Лувсандоогийн хамт 15 дугаар хорооны хүндэт цэрэг болсон зэргийг нэгэнт хэн бүхэн мэдэх тул энд дахин нурших нь илүүц юм.
Түүний Ефремовын түр сургуульд ирсэн хэрэг явдал өөрийн нь дураар болоогүй гэж болно. Зөвлөлтийн сургагч үндэсний театр байгуулах ажилд төр, засгийн анхаарлыг хандуулж, авьяастан залуучуудыг урлагт элсүүлэх тусгай комиссыг Улсын бага хурлын тогтоолоор байгуулсан байна. 1930 оны тавдугаар сард Ерөнхий сайдын гарын үсэгтэй албан тушаал Ичинхорлоод ирж, түүнийг Улсын театр байгуулах түр сургуульд шилжүүлж авчирчээ. Мөн Ефремовтой жүжигчин болгож бэлтгэх урлагийн авьяастнуудыг цуглуулах ажилд анхнаас нь хамт явахдаа Шаравдоо түүнийг цаг үргэлж санал болгосоор байсан юм. Ефремов ч олзуурхан, “…их сайн байна, харин чи тэр Ичинхорлоодоо тодорхой захиа бичиж, Улаанбаатарт түргэн ирүүлэхийг бод” хэмээн Шаравдоог шавдуулж байжээ. Энэ үед Ичинхорлоо Ховдод байсан хэрэг.

Залуу авьяастнуудыг цуглуулах комиссынхон сургууль, албан байгууллагуудаар явж, эхний ээлжинд 180 хүнийг цуглуулан шалгаснаасаа 80 хүнийг тэнцүүлж ажлын цагийн хажуугаар урлаг, соёлын талаар ерөнхий мэдлэг олгох хичээлд хоёр сар суулгажээ. Тэгээд тэндээсээ 19 хүнийг театрын жинхэнэ жүжигчин болгож авахаар үлдээн, нэг жилийн түр сургуульд элсүүлээд байлаа. Харин Ичинхорлоо нэлээд хожуу ирж, хоцорсон хичээлээ нөхөхийн тулд ихээхэн чармайж суралцсан юм.

Ханилсан нөхөр Ядамсүрэн

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн шавь, КУТВ-т Назым Хикметтэй мөр зэрэгцэн суралцаж явсан, Шүүх явдлын Яамны дэд сайд бөгөөд улсын прокурор Мөрдэндэвийн Ядамсүрэн 1933 онд Улсын төв театрын жүжигчдэд улс төрийн хичээл зааж эхэлжээ. Энэ үеэс Ичинхорлоо тэр хоёр дотно харьцаатай болж, улмаар 1935 оны орчим ханилан суусан бололтой. Учир нь Ядамсүрэнгийн хүү, Монгол Улсын гавьяат багш, уулчин Р.Зориг нэгэн ярилцлагадаа, “Аав ээжээс салаад ардын жүжигчин Д.Ичинхорлоотой гэр бүл болж намайг цэцэрлэгээс авсан. Хоёр жил тэдэнтэй хамт сайхан амьдарлаа…” хэмээн өгүүлсэн байдаг. Үүнээс хүү тэдэн дээр 1935 онд ирснийг мэдэж болно.
Хожим М.Ядамсүрэнг театрын дарга байхад орлогч нь байсан “Үхэрчин хүү” гэж олонд алдаршсан Улсын гавьяат жүжигчин Л.Цэрэндорж, “…Намайг төв театрт хөгжимчин байхад Ядамсүрэн манай жүжигчин Ичинхорлоотой гэр бүл болж, театрт ирдэг болсон. Бидэнд улс төрийн хичээл зааж ч байсан. Сүүлдээ театрын даргаар ажиллаж байсан. Ядамсүрэн миний өдөр тутмын амьдралыг зааж өгнө. Ер нь сайхан яриатай, зан сайтай, эргэлзээтэй санахааргүй юм хэлдэг хүн сэн. Театрыг хөгжүүлэхийг үргэлж санаж явдаг байсан…” гэж дурссан байдаг. Төрийн шагналт Донровын Намдаг ч түүнийг 1933 оноос театрын урлагийг сонирхох болсон гэж бичсэн нь бий.

БНМАУ-аас Японы тоглоомын улс Манжготой улсын хилийн асуудлаар хэлэлцээ хийх комиссын гишүүнээр Ядамсүрэн ажиллаж байлаа. Хэлэлцээ тодорхой үр дүнгүйгээр удаа дараа үргэлжилсэн юм. Ядамсүрэн дөрвөн удаагийн хэлэлцээнд оролцсон бөгөөд сүүлчийнх нь 1937 оны долдугаар сард эхэлсэн хэлэлцээ байлаа. Уг хэлэлцээ мөн амжилтгүй болж, БНМАУ-ын төлөөлөгчдийг буцаан дуудсан бөгөөд ирж явах замд нь түүнийг баривчлав. Харин Ичинхорлоо нөхрөө ирж яваа гэж догдлон, тосож авах унаа эрж, театрынхаа орлогч дарга Л.Цэрэндоржоос машиныг нь гуйжээ. Тэгтэл Дотоод явдлын яамнаас утас цохиж машинаа түүнд өгөхгүй байхыг анхааруулсан тухай хачирхалтай түүхийг Л.Цэрэндорж хожим өгүүлсэн байдаг.

 

Ичинхорлоо, Гоолингоогоо дуулаач…

Улсын Төв театр 1933 онд Москвад болсон “Олон улсын ажилчин тариачны хувьсгалч театруудын их наадам”-д С.Буяннэмэхийн зохиол, Ц.Гомбожав, Ефремов нарын найруулсан “Харанхуй засаг” жүжгээр оролцлоо. Наадамд нийт 27 улсын театр оролцсоноос нэгдүгээр байрт Зөвлөлт, хоёрдугаар байрт Монгол оров. “Тэрхүү жүжигт тоглосон жүжигчид үндэсний өвөрмөц намбыг зөв тусгасан хэмээх магтаал хангалттай сонссон. Энэ нь ихэнхдээ Дамдинбазар, Ичинхорлоо, Цэвээн, Равдан нарт ногдоно” гэж театр судлаач Э.Оюун дүгнэн бичиж байлаа.
Дээрх театруудын наадмын тухай ном, сурвалж бүхэнд хангалттай дурдсан бий. Ичинхорлоо үүнээс хойш 1936 оны хооронд Зөвлөлтөд нэлээд хэдэн удаа зорчсон байдаг. Улсын төв театрын урын санд байсан зарим ардын урт, богино дууг пянзанд бичүүлэх ажлыг Ядамсүрэн хөөцөлдөн бүтээж, 1935 онд өөрөө гардан зохион байгуулсан юм. Тийм ч учраас дуу хоолойгоо уг пянзанд үлдээсэн нь “Ичинхорлоо, Гоолингоогоо нэг дуулаач…” гэсэн дөрөвхөн үг. Энэ дуу тэдний хайр дурлалын гашуун эмгэнэлт төгсгөлийг зөгнөсөн шигээ чин үнэнч сэтгэл зүрхнийх нь үгсийг үеийн үед хүүрнэн эгшиглэж үлдсэн гэж урлаг судлаачид өнөөдөр дүгнэн бичицгээж байна.
Гүтгэгдэн баривчлагдсан нөхрөө суллуулах гэж Ичинхорлоо Чойбалсантай уулзсан, уурлаж хилэгнэсэндээ түүнийг ширээ тойруулан элдсэн, гэтэл Чойбалсан Ядамсүрэнг баригдсаныг мэдээгүй байсан гэх мэт элдэв яриа олны дунд түгэн тархсан байдаг ч баримтаар нотлогддоггүй билээ. Ер бусын, сэтгэл догдлом түүхийг улам хүчтэй болгох гэсэн олон түмний ийм түүхүүд амнаас ам дамжин, тэгэх бүрдээ улам баяжин дэлгэрэн түгдэг ч байж болох юм.

Сталинтай нэг машинд

Ичинхорлоо дурсамж тэмдэглэлдээ Зөвлөлтөд зорчсон нэгэн удаагийн томилолтын тухай тодорхой өгүүлснийг энд онцолъё. Бичсэн зүйлсийг нягтлан үзвэл, Ерөнхий сайд П.Гэндэнгийн албан айлчлалын бүрэлдэхүүнд орж явсан болов уу гэж таамаглаж болмоор. Ингэж таахын учир нь хожим тэрбээр П.Гэндэн, Г.Дэмидийн хэрэг гэгчид гэрчээр дуудагдан, мэдүүлэг өгч байсан тухай зарим судлаач нар нотлон өгүүлдэг. Ялангуяа Гэндэнгийн Сталинд агсарч, гаансыг нь хуга алгадсан үйл явдлыг Ичинхорлоо мэдүүлсэн хэмээн нийтлэлч Баабар бичсэн байдаг. Гэхдээ энэ үйл явдал 1936 онд болсон байх учиртай. Харин түүний дурсамж тэмдэглэлдээ тодорхой өгүүлж үлдээсэн үйл явдал 1935 оных болов уу гэмээр бичигдсэн байгаа юм. Уг дурсамжийг дор сийрүүлье.
“…Тоглолтын дараа манай Элчин сайдын яаманд Сталин, Молотов, Ворошилов, Каганович зэрэг Зөвлөлтийн нам, төрийн удирдагчид ирж дайллага хийх үеэр бид уртын ба ардын дуу, орчин үеийн дуунуудыг дуулж хөгжимдөхөд туйлын их сонирхож, Сталин “Баян Монгол” гэдэг дууг туйлын их сонирхон заалгаж, бид нарын цалин хэрэглээг хүртэл асууж, дараа нь Ерөнхий сайд Гэндэнд хандаж, “Та дээд зэргийн жүжигчиндээ 150 төгрөгийн цалин өгөхдөө сэтгэл чинь зовохгүй байна уу” гэж хэлээд карманаасаа нэлээд рубль гаргаж биднийг хувааж аваарай гэлээ. Би Сталинтай хамт нэг машинд сууж “Баян Монгол”-ыг зааж өгөхөд Сталин “гүүргий гүүргий” гэж хэлж чадахгүй “хуурхий хуурхий” гэж аялан их инээдэм болж билээ. Тийнхүү Кремльд очиж, хөнгөн маягийн цайллага хийж, кино үзэж ирээд мөнгөө хуваахад нэг хүнд 112 рубль оногдож билээ…” гэхчлэн дурсамж тэмдэглэл хөвөрнө.
Тэр оныхоо намар нь “Монгол хүү” киноны ажлаар Ленинград явцгаажээ. “…Тэнд зургаан сар ажиллаад эргэн ирж, 1936 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан…” гэснээс үзвэл Сталинтай нэг машинд явж, “Баян Монгол”-ыг зааж өгсөн дээрх үйл явдал яах аргагүй 1935 он болж таарч байгаа юм.

Хавчигдаж зовсон боловч…

Ядамсүрэнгийн хэлмэгдэн цаазлагдсан үеийг тэрбээр цухасхан ганц өгүүлбэрээр илэрхийлэхдээ өөрт нь хэрхэн нөлөөлснийг бүр ч товчхоноор дурдаад өнгөрсөн байх юм. “…Эсэргүүний эхнэр гэж нэрлэгдэн хавчигдаж, амьдралын байдалд хүнд зовлон тохиолдсон боловч нам, төрийн хайр ивээлд түшиглэн, сайн нөхдийн дэмжлэг тусламжаар ажил хөдөлмөрөө сулруулсангүй…” гэх энэ хэдхэн үгсийн цаана хэчнээн шөнийн ганцаардал, урсгасан нулимс, гутрал цөхрөл агуулагдаж байгааг хэмжихүйеэ бэрх ээ.
Анхны 14-ийн дотор Ядамсүрэнтэй хамт цаазлуулсан хүмүүсийн дотор тухайн үеийн “Бөмбөгөр ногоон”-ы сайхан хүүхнүүдийн нэг, жүжигчин Дэвээгийн нөхөр дивиз командлан захирагч Д.Жамъянжав байсан юм. Цаазыг гүйцэтгэсний дараа Ичинхорлоо, Дэвээ нарыг “эсэргүүний ар гэр” гэж театраас хөөсөн хэмээн зарим судлаачид бичдэг. Гэвч энэ талаар тэр дурсамж, тэмдэглэлдээ огтхон ч дурссангүй.

Түүний тухай хүмүүс дуучин, жүжигчин, “Нүгэл буян” киноны Тоо Хуар, “Цогт тайж” киноны Чин Тайхуд тоглосон, Гоолингоо, Үзэсгэлэн гуа, Хөх торгон дээл, Дүүриймаа, Цагаан шаазанг дуулсан л гэж мэдэхээс биш жүжгийн зохиол бичиж, найруулан тавьж байсныг нь тэр бүр мэддэггүй. 1940-өөд онд тэрбээр “Одоо мэдлээ”, “Залуу эх Замбага”, “Хатанбаатар Магсаржав” зэрэг зохиолыг академич Хөдөөгийн Пэрлээ, Ардын жүжигчин Д.Чимэд-Осор нартай хамтран бичиж, найруулсан юм. Өмнө нь ч жүжиг найруулан тавьж байсны дотор 1936 онд хувьсгалт залуучуудын сайн дурын театрыг байгуулах ажилд идэвхийлэн оролцож, Д.Нацагдоржийн зохиол “Нуугдсан эрдэнэ”, н.Баатарын зохиол “Бяцхан даваа” жүжгүүдийг тус театрт тавьж байлаа. Мөн 1938 онд “Манай хувцас”, “Хүүхэд жимсэн дээр” зэрэг бүжиг дэглэснийг нь 1990-ээд оныг хүртэл урлагийн тоглолтууд дээр бүжсээр байсан билээ.

Гуйж биш гуядаж…

Үл тоомсорлол, хавчлага, гадуурхалыг сөрөн зогсож урлагтайгаа, театртайгаа үлдэхийн тулд уйгагүй, тасралтгүй хөдөлмөрлөж, зогсоо чөлөөгүй ажилласны нь баримт болж энэ олон бүтээл, тэр олон сайхан дүрүүд үлдэж дээ гэмээр санагдана. Театраас нь өөр хэн ч түүнд үлдээгүй болохоор арга ч үгүй биз хэмээн ухан эргэцүүлэн сууна. Тэрбээр ажиллах, бүтээхийнхээ хэрээр зогсолтгүй эрэлхийлж, ямагт шинийг сэддэг, сэдсэнээ хийдэг уран бүтээлч байсан юм. Хэдийгээр хэлмэгдлийн сүүдэрт зогсож байсан ч гэлээ хамгийн гол нь тэр уран бүтээлчийн ид насандаа явсан болохоор дарагдаж, мартагдахыг огтхон ч хүсээгүй биз ээ.

Театрынхаа таван жилийн ойгоор тэрбээр Монголд анх удаа, мөнхүү цор ганцаараа хос алдарт гавьяат цолыг хүртсэн юм. Түүнтэй хамт шагнуулсан Д.Ишдулам, О.Дашдэлэг, Д.Түдэв, Л.Цэрэндорж нарт Улсын алдарт гавьяат хөгжимчин, М.Дугаржав, Ж.Дорждагва, Ц.Төмөр нарт Улсын алдарт гавьяат дуучин, Ч.Цэвээнд Улсын алдарт гавьяат жүжигчин цол олгосон бол түүнд Улсын алдарт гавьяат дуучин бөгөөд жүжигчин гэсэн цолыг олгож байв. Энэ нь түүний ямар их нөлөөтэй, олон талтай уран бүтээлч болохыг нотлох баримт болдог юм.

Харин эсэргүүний эхнэр болсноосоо хойш хэчнээн хичээн зүтгэвч тоогдохгүй, ойшоогдохгүй явсаар 1945 онд “Цогт тайж” кинонд Чин Тайху эхийн дүрийг бүтээснийхээ төлөө “Алтан гадас” одонгоор шагнуулав. Энэ бол үнэнхүү бяр чадлаараа ааглан, гуйж биш гуядаж авсан одон байсан юм. Жүжигт тоглож, концертод дуулан, Улсын төв театрт үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Урлагийн сургуулийн жүжгийн ангид багшилж, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн клубүүдэд тоглолт найруулж, Дундговийн клубд жүжиг тавьж явлаа. Түүний жүжиглэх ур чадварын талаар Ардын жүжигчин Д.Чимэд-Осор, “Ичинхорлоогийн тоглолт үйл хөдлөлөөс илүүгээр санаа сэтгэлийн илэрхийллийг дүрийнхээ гол чанар болгодог онцлогтой юм. Тэгээд ч үйл хөдлөлийн үйлчлэлийг санаа сэтгэлийн их хүч болгодог тэр гоц чадвар нь жүжигчний дүр бүтээх ид шидийг гайхамшигтай ялгадаг юм. Миний бодлоор, Ичинхорлоо дотоод сэтгэл, сэтгэхүйн жүжигчин” хэмээн бичсэн юм. Үнэхээр ч тэрбээр Монголын театрын урлагийн орлуулшгүй том мэргэжилтэн болохоо баталж “Лениний гэр бүл” жүжгийн Владимир Ильичийн эх Мария Александровнагийн дүрээрээ 1951 онд Ардын жүжигчин болсон юм.

Сүүлчийн нулимс

Ичинхорлоо 1910 онд Сайн ноён хан аймгийн Цэцэн Чин вангийн хошуу (Цэцэн Цэвээний хошуу), одоогийн Архангай аймгийн Их тамир сум, Хануйн голоор нутагтай ядуу ард “шөмбөн” Дашзэвэгийн охин болж мэндэлжээ. Түүнийг 9 настай байхад аав нь Хошуу тамгын газарт шоронгийн хуягийн ажилд тохоогдон, Хан-Өндөрийн хүрээнд ирсэн байна. Бяцхан охин энд нүхэн шоронд хоригдож үс сахал нь ургасан, гартаа гав, хөлдөө тушаатай гэмтэй, гэмгүй хоригдлуудын зэвхий хуухай царайг харан шаналж, зовлон бэрх хийгээд эрх чөлөөгүйн энэлэнг нүдээр үзсэн юм. Үүнээс зориг зүрх нь чангарч байснаас биш айж уйлж, алиа алдаж байгаагүй юм.

Хүрээнд шавилан сууж байсан төрсөн ах нь оргож босон, ээж нь хэвтэрт орч, өнөө маргаашгүй болов гэтэл өвчин ээрэгдэн, аав нь өөрөө шоронгийн ялтан болж, шархны халуун болтлоо шаахайдуулж байхад охин зовнил, сандрал мэдэрч байсан ч зовхио унжуулж, сэтгэлээ мохоож үзээгүй юм. 12-тойдоо Нийслэл хүрээнд нүүн ирж, хөлтэй нь хөлхөн, хөлгүй нь мөлхсөн олон хөлийн газрын бараа сүрэнд дарагдан, данжаад дарласан дэгжин хүүхнүүдийн өнгөнд гялбаж, даржин тарчиг гуйлгачин ядуусын золбинд гутаж явахдаа амьдралыг таньж, хүмүүсийг мэдэж авснаас биш зүрх алдаж, зүтгэл шантарсангүй. Дурлаж тэмүүлж явсан урлаг, соёлоосоо хөөгдөж, хасагдаж байхдаа ч тэр ухаанаа тэлж, авьяасаа хурцалж зүтгэснээс алхайн сууж, алмайран эргэлзэж байсангүй. Хил хамгаалж, говьд тулалдаж, хэцүү хатууг туулахдаа ч хат мэт хагсаж байснаас биш халирч няцаж гүйгээгүй. Амраг ханиа алдаад, ангийн дайсан гэгдэн, хөөгдөж туугдан, хавчуулж даруулж байхдаа ч тэр хатаа ширээж, зүрхээ чангалж тэссэнээс биш хацраа зүсэж, нулимсаа урсгаж суугаагүй юм. Харин урван тэрслэгч гэгдэн цаазлуулсан нөхөр чинь ямар ч гэм буруугүй байжээ гэж залуу нас, хайр дурлал, амь амьдралаар нь тохуурхах мэт дуулгахад л түүний 25 жил чангалсан өвдөг нь бохирч, зангирсан нулимс садарсан гэлцдэг юм.
Энэ бол 1962 он…

Нийтлэлч Д.Энхболдбаатар (“Зууны 100 эмэгтэй” номын 114-р тал)

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn