Хамгаалалт нэхсэн Хар ус нуурыг ЮНЕСКО-гийн сүлжээнд бүртгүүлжээ

Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд энэ онд бүртгүүлжээ. Тэгвэл саяхан уг бүртгэлийн батламжаа авчээ.

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгдсэнээр аливаа газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм – эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой.Тийм ч учраас дэлхийн, бүс нутгийн, улс орны экологийн тэнцлийг хангахад чухал нөлөө бүхий байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газруудыг Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд хамруулж, тэдгээрийн хамгаалалтыг сайжруулах асуудлыг шат дараалалтайгаар хэрэгжүүлдэг.
Өмнө нь Монголоос Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт есөн газар бүртгүүлсэн нь ийнхүү нэгээр нэмэгдэж, 10 болж байгаа юм.
Хар ус нуур нь Монголын баруун хязгаарын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Мөн Монголын мянгаас дээш хавтгай километр талбайтай дөрвөн нуурын нэг. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ.
Монголын том нууруудын нэг Хар ус нуур нь 1153 ам километр талбайтай, 72 километр урт, 26 километр өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан “Хар ус нуурын шагшуурга” хэмээх шүлэгтээ доорх мөрүүдийг тэрлэсэн нь учиртай.

Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө

Хар ус нуур Ховд, Буянт голоос гол тэжээлээ авах бөгөөд уг сав газрын гол мөрний усыг хүн ам, үйлдвэрийн усан хангамж, хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний ногооны усалгаанд хэрэглэснээс үүдэн нуурын усны түвшин доошилж, эрэг нь налуу талархаг болж эргийн зурваст зэгс шигүү ургаж намагжсан гэсэн судалгаа гарчээ.
Агнуурын зориулалттай монгол хадран, Алтайн сугас зэрэг цэнгэг усны загас, хоёр нутагтан, мөлхөгчид, 270 зүйлийн шувууд Хар ус нуурын ай савд бүртгэгджээ. Монгол орны Улаан номонд орсон борцгор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, цэн тогоруу, хархираа тогоруу, хуруут хун, гангар хун зэрэг шувуудын өлгий нутаг юм.
Хар ус нуурын байгалийн цогцолбор газарт цэнгэг уст нуур, ус намгархаг газар, говь хээр, тал хээр, Алтайн мөнх цаст сарьдаг уулс хослон байдаг нь байгалийн гайхамшигт урлан ажээ.
Гэвч нуурын хөвөө орчимд малын даац хэтэрч, зэгс хулсыг нь хайр найргүй устгаснаас болж Ховд, Буянт голын бургас бут сөөг багасан, нуурыг тэжээдэг олон салаа гол хатаж ширгэсэн байна. ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд нэгдсэнээр Хар ус нуурын байгалийн цогцолбор газрыг олон улсын анхааралд оруулж, хамтын хүчээр хамгаалах боломжтой болж байна.
Хар ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 1997 онд байгуулагдан ажиллаж байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn