Иргэдийг цагдаагийн байгууллагад хүргэхдээ хүч хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй асуудлыг шалгаж байгаа гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр үзэл бодлоо илэрхийлж,жагсаал,цуглаан хийсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан. Энэ тухай Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ. ХЭҮК уг процест хяналт, ажиглалтаа тавьж ажиллажээ.

“Иргэдийн хувьд ямар ч асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй. Гэхдээ энэ удаагийн нөхцөл байдал тусгайлсан горимоор явагдсан. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар хамгаалалтыг гурван зэрэглэлтэй зохион байгуулдаг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан айлчлал нь хуульд заасны дагуу нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалттай байсан. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хамгаалалтын хоёрдугаар зэрэгт үзэл бодлоо илэрхийлэх зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас өгсөн гэж мэдээлсэн. Гэвч тухайн иргэд хамгаалалтын нэгдүгээр бүсэд үзэл бодлоо илэрхийлсэн учраас саатуулсан гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12-р зүйлийн 12-ийн 1-д зааснаар хамгаалалтын бүсэд жагсаал,цуглаан хийхийг хориглосон байдаг. Төрийн тэргүүний айлчлалыг зохион байгуулахдаа Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын хууль, бусад хуулиас гадна олон улсын гэрээ эрх зүйгээр зохицуулагддаг ийм харилцаа. Уригч улс урьсан зочныхоо аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Энэ үүргээрээ Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Цагдаагийн байгууллагын зүгээс манайд өгсөн албан мэдээллээр бол, тухайн саатуулагдсан иргэд нь шаардлага биелүүлээгүй, хамгаалалтын нэгдүгээр бүс рүү нэвтрэхийг завдсан учраас  тухайн иргэдийг хэн гэдгийг тогтоох мэдүүлэг,тайлбар авахаар түр саатуулсан гэсэн.

Бид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст саатуулагдсан зургаан иргэний гуравтай нь уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Мөн тухайн иргэдийн мэдүүлэг өгч байгаа нөхцөл байдалтай нь танилцсан. Тухайн иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.8-д заасны дагуу жагсаал,цуглаан зохион байгуулах журам зөрчих, 15-р зүйлийн 2-т заасны дагуу төрийн албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах гэсэн шалтгаануудаар зөрчил, шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Эдгээр иргэдийг саатуулан цагдаагийн байгууллагад хүргэхдээ хүч хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй байгаа.Үүнд Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналтын хэлтсээс албаны шалгалт явуулж байгаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn