УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын тайлантай холбоотой шүүмжлэл хэлэхдээ гадаадын зээл тусламжийг өөрийнхөө тойргийг услахад зарцуулж байдаг хэмээн Сангийн сайд Б.Жавхланг хатуухан шүүмжилсэн.
Тэрээр “Би өмнө нь нэг хүнийг онцлоод мэргэшсэн хулгайч гэж хэлж байсан. Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очиж хэрэгждэг байсан. Тэрийг нь Монголын ард түмэн төлдөг. Энэ байдал одоогийн Сангийн сайд дээр ч үргэлжилж байна. 30 сая ам.доллараар Дархан-Уул аймагт эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Үүнийг УИХ-аар оруулаагүй, улсын төсвийн хөрөнгө оруулалтад оруулдаггүй.
Тэнд нэг сайд 100 тэрбумаар нь тойргоо усалж байдаг. Ямар давуу эрхтэй юм бэ. 50 сая ам.долларын зээл авч малчдад хашаа барья гэдэг асуудал УИХ-д оруулж ирж байсан. Дандаа сайд нарын тойрог байсан. Асуудал нь ил болонгуут тэгвэл 14 сум болгочихъё гэж байсан.2024 оны төсвийн төсөлд гадаадын зээл тусламжийн хүүгийн төлбөрт 400 тэрбум төгрөг гээд ганцхан тоо бичсэн байгаа. Ямар төсөл, гүйцэтгэл, зарцуулалт нь ямар байгаа тайлан УИХ-д орж ирдэггүй. Энэ тайланг парламентаар хэлэлцдэг байх ёстой” гэв.