УИХ-ын ээлжит бус хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголын тухай хуулийг дагуулж оруулж ирсэн төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой хоёр гол хуулийн өөрчлөлт маргаан дагуулаад байна.
Энэ тухайд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Цаашид тендергүй больё оо л гэнэ дээ” хэмээн нүүр хуудсандаа бичжээ.
Тэрбээр цааш нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуульд “Чадавхид суурилсан хэлэлцээний арга” гээчийг шинээр санаачилжээ. Зорилго нь яаралтай хийх шаардлагатай мега төслүүдийг гаднын “чадавхитай” компаниудаар гялс хийлгэх. Гэвч энэ нэг удаагийн хууль биш. Дараа нь чадавхийг нь харсан юм аа гээд тендергүй гэрээнүүд шуурчих эрсдэл бодитой байна.
Бас нэг эвгүй нь компаниудын хэн нь чадавхитай, хэн нь чадавхигүйг салбарын яамны хэдэн дарга, одоогоороо монополь шахуу эрхтэй болчихсон мэргэжлийн зарим холбоод шийддэг болох, Засгийн газар хүсвэл ер нь шууд гэрээ байгуулдаг болох зохицуулалт гээд тэр чигтээ аюул.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд “нэн яаралтай нөхцөл үүссэн тохиолдолд” гэдэг зохицуулалт оруулаад шууд гэрээгээр ажил гүйцэтгүүлдэг болох өөрчлөлт хийх гэж байна. Энэ хуулийн өөрчлөлт батлагдвал жишээ нь, нэн яаралтай гэж үзээд зам барилга, засвар хийх компанийг тендергүй шууд сонгож гэрээ байгуулдаг болох бодитой эрсдэл үүснэ. Зориуд ч байж мэднэ!
Хуучин парламентын баталж өгсөн шинэ дэгээс болоод энэ саналуудаа чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлж чадахгүй л сууж байна. Сэтгүүлч нөхөд, аж ахуйн нэгжүүд анхааралдаа авна биз ээ” гэжээ.
Энэ хуулиудын төслүүдийг тэр чигээр нь баталбал УИХ-ын хяналтгүйгээр, тендерийн хууль үйлчлэхгүй, хүчингүй болсон концессын хуулиар том бүтээн байгуулалтуудыг Засгийн газрын үзэмжээр шийдэх болох тухай УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр өчигдрийн Байнгын хорооны хурал болон УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлсэн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр энэ асуудалд эрс хүчтэй няцаалт өгч шүүмжилсэн юм.
Тэрбээр “Нэг онигоо байдаг. Нэг авлигачаас “Сайхан амьдрахад юу саад болж байна вэ” гэж асуухад “Эрүүгийн хууль саад болж байна” гэж хариулсан байдаг. Хулгай хийхэд нь эрүүгийн хууль саад болоод байгаа гэж.
Төсвийг дагасан тендерийн хуулийн их том өөрчлөлт анх удаа бус, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа орж ирж байна. Энэ өөрчлөлт анх 2021 онд ковидын хуулийг дагаж орж ирж байсан. Монгол Ардын нам өөрсдөө эрх барьж байсан ч энэ хуулийг дэмжихгүй буцааж байсан.
2022 онд орж ирж байсан, мөн дэмжихгүй буцааж байсан. 2023 онд Тендерийн хууль шинэчилсэн найруулгаар батлагдахад том төслүүдийг тендергүй хийчихье гэдэг санаархал гурав дахь удаагаа орж ирсэн. Энийг эрх барьж байсан нам өөрөө бүлгийн олон шударга гишүүд дэмжээгүй учраас буцааж байсан. Одоо Хамтарсан Засгийн газраас дөрөв дэх удаагаа орж ирж байна.
Үхсэн хүнийг амьдруулдаггүйтэй адил хүчингүй болсон хуулийг хэрэглэнэ гэж оруулж ирсэн хуулийн төслөө Засгийн газар татаж авбал зохино. Татаж авахгүй гэвэл УИХ буцаах ёстой… Ямар төсөл дээр тендерийн тухай хуулийг хэрэглэхгүй вэ гэдгийг засгийн газар бие дааж мэдэх өөрчлөлт оруулж ирж байна. Энэ бол УИХ-ыг бүрэн эрхэд халдаж байгаа асуудал.
Хамгийн том хулгайг төсөв дагасан хуулиар хийдэг”Эрдэнэт”-ээс 40 дахин том төслүүдийг УИХ-аар оруулахгүйгээр шийдвэл араас нь хяналтын 40 түр хороо гарна шүү. Засгийн газар УИХ-ын хяналтаас бүрэн гарах гэж байна. АН, ХҮН намууд зарчмаасаа ухарлаа. 40 тэрбум ам долларын төсөл, хөтөлбөрийг хүчингүй болсон хууль хэрэглэж, нээлттэй тендергүйгээр, УИХ-ын хяналтаас гадуур шийдье гэж буй нь “хуулийн хулгай”, авлига болоод л дуусна.
Цөөнх гэж хуульд заасан этгээд нь өөрөө Засгийн газрыг бүрдүүлж “олонхи” болчихоод байгаа учраас төсвийн хяналтыг хэн тавих вэ гэдэг улс төр, хууль зүйн асуудал үүсээд байгаа юм. АН-ын даргын хэрэгжүүлсэн 40 тэрбум ам.долларын төсвийг АН-ын гишүүн хянана гэж байхгүй. ХҮН-ын даргын хэрэгжүүлж байгаа 15 тэрбум ам.долларын худалдан авалтыг ХҮН-ын төлөөлөл хянана ч гэж байж болохгүй. Л.Гантөмөрийн зарцуулах төсвийг АН-ын гишүүд, Т.Доржхандын зарцуулах төсвийг ХҮН-ын гишүүд хянах ёсгүй. Улстөрийн асуудал үүсгэнэ. Тендерийн хуулийн өөрчлөлт батлагдвал Засгийн газар амтшина. Л.Гантөмөр та бол “бал бурам” шиг амтшина.
-“Эрдэнэт”-ээс 40 дахин том төслүүдийг УИХ-аар оруулахгүйгээр шийдвэл араас нь Хяналтын 40 Түр хороо гарна шүү. Шийдвэр гаргасан бүх сайд Түр хороогоор орно. Тендерийн хуульгүйгээр, УИХ-ын хяналтгүйгээр том төслүүд хэрэгжүүлэхийг дэмжихгүй” гэсэн.
Мөн тэрбээр “Тендерийн хуулийн өөрчлөлтийн хоёрдугаар зүйлийн 3.3.7-д “Засгийн газраас хөгжлийн бодлого, шинэчлэлийн хөтөлбөр боловсруулж, нэр хүнд бүхий тусгай мэдлэг, ур чадвартай зөвлөх хувь хүн, хуулийн этгээдийг сонгох шаардлагатай гэж шийдвэрлэсэн бол тендерийн хуулийг дагаж мөрдөхгүй” гэсэн заалт оруулах гэж байна.
Тэгвэл Тендерийн хуулиар яах юм бэ. Тендерийн хуулиа хүчингүй болгочихооч. Тендерийн хуулийг хэрэгжүүлэх асуудал засгийн газарт хамаарч байна. Энэ заалт хэрвээ батлагдвал УИХ-аас баталсан Тендерийн хуулийг мөрдөх үү, мөрдөхгүй юү, хэрэглэх үү, хэрэглэхгүй юү гэдгийг Засгийн газар УИХ-аас асуухгүйгээр шийдэх бүрэн эрхийг олгох гэж байна. Тэгвэл Тендерийн хуулиар яах юм бэ.
Хэн дээр, ямар асуудлаар Тендерийн хуулийг барих эсэх УИХ-аар орохгүй, Засгийн газар өөрсдөө мэдэх юм бол, тэд нэг сайд мэдэх юм бол Тендерийн хуулиар яах юм бэ.
Энэ асуудлаар УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж би үзэж байна” гэв.
Уг асуудлыг оруулж ирсэн Засгийн газрын төлөөлөл тухайлахад Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Батзул “Хуульд хоёр төрлийн нэмэлт өөрчлөлт оруулж ирж байгаа юм. Эхнийх нь, Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байгаагүй ийм төслүүдийн гүйцэтгэгч нарыг дэлхийд чадавхитай этгээдүүдийг урьж оролцуулах замаар, олон улсад байдаг “Selected tender” аргын дагуу хийхээр хуулийн төсөлд нэмэлтээр оруулж ирсэн.
Нээлттэй тендер шалгаруулалт шиг зарлал нь яваад, оролцогчдыг зөвхөн урилгаар урьж оролцуулна. Уригдсан этгээдүүд оролцох сонирхолоо илэрхийлсэн бол дунд нь тендер шалгаруулалт явуулдаг аргыг шинээр оруулж ирж байна.
Б.Энхбаяр гишүүний дурдсан, 3.3.7 дээр байгаа асуудал дээр, амьдрал дээр тулаад харахаар зарим тохиолдолд тусгай мэдлэгтэй этгээд, ялангуяа зөвлөх үйлчилгээ, хуулийн баг, эсвэл томоохон хэлэлцээрийн багийг урьж, хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүсдэг.
Жишээ нь, стратегийн том ордын хэлэлцээрт оруулах багийг бид тендер зарлаад, гуйж оруулж ирэх боломжгүй байгаа юм. Энэ тохиолдолд, Арбитрт хуулийн тусгай мэдлэгтэй багийг оруулъя гээд тендердэнэ гэхээр нөгөө тал нь хэзээ ч саналаа өгдөггүй, гацаа үүсдэг. Энэ асуудлаас болоод Засгийн газар хэрвээ шийдвэрлэвэл тэр улсуудыг урьж, гэрээ хийн, зөвлөх үйлчилгээ авч болно гэсэн зохицуулалтыг оруулж байгаа юм. Бүх хүмүүстэй энэ зохицуулалтын хүрээнд шууд гэрээлнэ гэсэн ойлголт биш ээ” гэж байна.
Үүнийг олон хүн хамтарсан Засгийн газар ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээн томьёолсон. Тэр нь УИХ-ын хяналтгүйгээр, тендерийн хууль үйлчлэхгүй, хүчингүй болсон концессын хуулиар том бүтээн байгуулалтуудыг Засгийн газрын үзэмжээр шийдэхэд хүргэх юм байна л даа. Ингээд “Женко” ч юмуу МСS бүр “Хурд” ч юмуу том компаниуд улам л томрох хөнцөл болох биш үү гэлцэж байна. Ингэж л “зориг”-тойгоор өөрчлөх нь дээ хэмээн баалж сууна. Нээрээ ч юу билээ.