Аав минь ганган,ээж минь уран

-“ПАНЗ” ТҮМЭНБААТАРЫНХ ХЭМЭЭН АЛДАРШСАН САЙХАН ААВ, ЭЭЖИЙНХЭЭ ТУХАЙ-

Сайхан аав, ээжийнхээ бор гэрт бүл нэмж, хаврын өдөр Хатуугийн Ихэр хар хэмээх хадтай ихэр толгодод мэндэлсэн тэр цагаас хүний орчлонг туулах урт зам минь эхэлжээ. Хаана ч явсан төрсөн газрын эрчим энерги, төрүүлсэн аав, ээжийн хайр,энэрэл  үргэлж ивээдэг гэдэгт  сүслэн итгэдэг. Миний аав Рашцэвээний Түмэнбаатар гэж нутаг усандаа “панз” хэмээн нэрлэгдсэн ажилч гавшгай, сэргэлэн сүйхээтэй, ганган дэгжин эр явлаа. Аймаг, сум дамжин наймаа хийдэг байсан болохоор “Панз” хэмээх алдрыг авчээ. Аавын гарал угсааг хөөвөл одоогийн Говь-Алтай аймгийн Бигэр сумынх.Рашцэвээний эцэг Сандагийнх Тайшир суманд хэсэг саатаад Шилүүстэй сумын нутагт ирж суурьшжээ.   Бид аавыгаа “адиа” гэж дуудна. Манай нутгийн нэгэн үеийнхэн эцгийгээ  “адиа” гэж дууддаг байж. Ээж минь Отгон сумын харьяат Цэрэнжавын Дашбал гэж нуруулаг, царайлаг, ажилсаг, сайхан сэтгэлтэй, нутаг усандаа үйлэнд урнаараа гайхагдсан сайхан эмэгтэй явлаа.

Аав, ээж хоёр минь 1960 онд 20 настайдаа гэр бүл болж, хамгийн том  хүүхдээ дараа жил нь өлгийдөн авчээ. Ээж минь нэгэн  биеэ хуваан есөн хүүхэд төрүүлсэн.   Миний эхээс мэндэлсэн Хатуугийн Ихэр хар хэмээх газар бол манай хаваржаа. Төрсөн өдөр тохиохоор  “Ирж яваа цагт мэндэлсэн” хэмээн өөрийгөө хувьхан бодох ч малчин аав, ээжийн минь хувьд хавар цаг бол хахирган, хатуу цаг. Тэгээд бууцан дээрх гэртээ, буурай ээжээрээ эх бариулж төрсөн гэхээр би гэдэг хүн хаанаас эх авч, хаана ирснээ хэзээ ч мартаж болохгүй гэдгээ цээжний гүндээ бодон, бодон залбирдаг даа. Аав, ээж хоёр минь  борви бохисхийлгүй ажилладаг, ямар ч ажилд  чин сэтгэлээсээ ханддаг, өв соёл, бурхан шүтээндээ үнэнч, байгаль дэлхий, малдаа хайртай  хүмүүс байсан. Авдар дээрээ бурхан номтой,  амьд бурхан Андиагаа шүтэж,  цаст Очирваань хайрхандаа залбирдаг буяны садангуудын үр удам билээ.

Малаа  сайн маллаж,  мэнд оруулах талаар л боддог, үүнийхээ төлөө л  зүтгэдэг тийм л хүмүүс байсан. Мал сүрэг нь  мэнд байвал амны хишиг, ажил хөдөлмөрийн үр шим гэж үзнэ. Шилүүстэй сумынхнаас Түмэнбаатар гэдэг айлынх л хамгийн хол, бүр Бангийн говь руу (Баянхонгор аймгийн Баацагаан, Бууцагаан,Хүрээмарал  сумдын нутаг) нүүн очиж өвөлждөг, хавартаа буцаад хангайн эхэнд гарч зусдаг байсан. “Хамгийн хол отор нүүдэл хийж, мал сүргээ онд мэнд оруулсан” гэж радиогоор  хүртэл яригдаж байлаа.   Өвөр хөндлөн, Хужирт, Ар нарийн, Ар модон, Мааньт, Хавиргын эх гэсэн зуслан нутгаасаа  Бор хавцал дундуур, Уртын гол уруудаж  нүүсээр Буянт голыг  гаталж, урагшаа нүүдэг байсан дурсамж миний сэтгэлд тод үлдсэн. Тухайн үедээ таван жилийн гавшгайч цол, тэмдэгүүд, олон төрлийн баярын бичгээр шагнуулсан нь өнөөдөр ажил, хөдөлмөрийнх нь бэлгэ тэмдэг болон хадгалагдаж байна.

Биднийг багад  ариун цэврийн шалгалт айлуудаар их явна. Ээжийн минь нэр дээр “Соёлч өрх” гэсэн баярын бичиг дурсгаж байсныг бодвол цэвэрхэн, соёлтой айл  байжээ. Ээж нэг хөгжилтэй дурсамж ярина.  Гэр бүл болсных нь дараахан бүх нийтийг бичиг, үсэгт сургах аян өрнөж, албаны хүн айлуудаар явж,цагаан толгойн үсэг, бичгээ хэр сайн бичсэнийг нь шалгадаг байсан гэнэ. Адуу мал,наймаа панз гэж явдаг нөхөр нь хуулан бичиг хийж суух завгүй. Ээж шөнө сууж хоёр хүний хуулан бичиг бичдэг байснаа яриад инээдэгсэн.

Манайд цагаан сар өргөн дэлгэр болноо. Хэдэн шөнө сууж хийсэн баншаараа   бүтэн сар  айлчин гийчнийг дайлна. Жижиг, жижиг банш хийж жигнүүрт жигнэдэг  байсан юм.  Ээжийн минь гар хоол, хүнсийг арвитгадаг шидтэй гар байсан юм шигээ.Олуулаа өссөн бидэнд зуны цагт өрөмтэй гамбир шиг сайхан хоол үгүй. Ээжийн хайрсан  нэг гамбир бүгдэд хүрэлцээд, бүгд цадна. Зочин ирэхээр хамгийн нандин хоол хайлмаг хийж өгнө. Өвөл, зун хэзээ ч  адуу мал хайсан  эрэлчид  ирж хоновол оймс, гутлыг нь хатаагаад, уранхай цоорхой байвал оёж цойлдоод өгдөг тийм сайхан сэтгэлийн далай булаг болсон хүн байсан юм, миний ээж.

Наадмаар аав минь морь уяна. Адуутай, айраг сайхантай айлд олон хүн ирнэ. Адиа,ах минь,сайхан дүү нар  минь  гангалж аваад наадамд явдаг, уясан морио айраг, түрүүнд хурдлуулчихаад баяр хөөр дүүрэн ирдэг байсан гоёхон түүх манай гэр бүлийнхээ. Цагаан сараар ч, наадмаар ч манайд найр болно. Зун Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан сумдын уулзварт зусдаг болохоор гурван сумын наадамчид манайд цугларан, дэлгэр их найр, наадам болдог байв. Аав минь аймаг хошуу дамжин  наймаа панз хийж явдаг болохоор найз, нөхөд олонтой. Тэр хэрээр манайх ч  олонтойгоо  айл байсан. Ширээгээрээ дүүрэн мөнгөн аягатай, айраг,цагаа цалгисан буянтай өргөөнд бага нас минь өнгөрсөн болохоор би өөрийгөө  “юм үзэж” өссөн гэж сэтгэл дүүрэн боддог.

Аав минь ээжийн урласан  торгон дээл,угалзтай монгол гутлаар гоёж,  хэт хутга, хаш цагаан гаанс, халтар манан хөөргөөр гангардаг дэгжин эр. Мөнгөн тоногтой эмээл, хазааран чимэгтэй аргамаг сайхан хүлэг морио унаад явахаар миний адиа шиг сайхан эр манай нутагт байгаагүй юм шиг одоо санагддаг.

Өвөл говьд тэмээ унана.Ширээ бөхтэй цагаан атдаа их хайртай, хааяа сум,баг орж хурал хуйд суучихаад, зуу татчихаад хоёр бөхнийх  дунд нэг ороод суучихсан байхад шөнө ч хамаагүй гэрт хүргээд ирдэг хэмээн магтан суудаг байж билээ. Ер нь мал малын захтай айл байсан.Нэг удаа ихэр ботго мэндэлж, аав минь маш их бэлгэшээн,баярласан юм даг.

Гоё хувцас, хэрэглэлд  дуртай шигээ сонин содон өнгө зүсмийн малд их дуртай. Алаг азаргатай болоод их олон алаг адуутай болсон, тууврынхнаас  монгол үхэр худалдаж аваад сарлаг голдуу үхрээ эрлийзжүүлэн, нэг жил дөчөөд тооны алаг тугалтай болж,хавь ойрын хүмүүс гайхан өхөөрддөг байж билээ.  Цагаанхайрхан, Алдархаан сумын нутагт амьдарч байхдаа хайнаг үхрээ өсгөн, олон тооны шар үхэртэй болж, тэднийгээ тэргэнд сурган, хамгийн олон үхэр тэрэгтэй айлаар  аймагтаа шалгарсан түүхтэй. Цөөн айлын гадаа нэг, хоёрхон л үхэр тэрэг байдаг ердийн хөсөгний соёл, хэрэглээг огцом өөрчилсөн гайхалтай түүх бол миний ээж, аавынх юмаа. Сүүлд аймгийн төвийн урд Ганцын давааны хооронд олон жил зусаж, 40 үнээ сааж, айраг цагаагаа аймгийн төв оруулж борлуулдаг зах зээлийн нийгэмд хөл тавьсан анхны малчдын нэг.

Аав, ээж хоёрын минь 40 жилийн амьдралын 30  жил нь социализмд, 10 жил нь ардчилал, зах зээлийн нийгэмд өнгөрсөн. 1990 онд манайх сумаасаа гарч, Алдархаан суманд амьдарч байсан цаг үе. Төрөөс “Мянгат малчин” цол, тэмдэг олгох шийдвэр гарахад аав минь анхны мянгат малчдын нэгээр тодорсон.  Улмаар Аймгийн  сайн малчин болсон.Мал сүргээ онд мэнд оруулж, төр, улсаараа үнэлүүлнэ гэдэг малчин хүний хувьд бол зогсоо зайгүй их хөдөлмөрийн үр дүн байдаг. Миний  том эгч Т.Долгорсүрэн, ах Т.Будсүрэн, дүү Т.Жигдбаяр, Т.Жамьяансүрэн  нар минь олон жил аав, ээжийнхээ  цаг наргүй хөдөлмөрт нь тусалж, сайн сайхан ололт, амжилтын түүхийг хамт  бүтээлцсэнд хязгааргүй талархаж явдаг. Том эгчийн минь хүүхдүүд болох гал дээр гарсан зээ нар Т.Зоригоо, Т.Эрдэнэбилэг, Д.Доржсүрэн нар ч  тэдний минь хажууд хань бараа болж явсан билээ. Т.Оюун-Эрдэнэ, Т.Сайнжаргал хоёр эгч минь, тэгээд би сургууль соёлын мөр хөөсөн хүмүүс. Бид зуны амралтаараа л очдог байсан.

Баялаг түүх, баян намтартай аав, ээжийнхээ амьдралын түүхийг товч өгүүлсэн нь энэ. Хааяа нутагтаа очихоор,цаст цагаан Очирваань хайрхандаа мөргөхөөр аав, ээжтэйгээ уулзсан мэт аньсага чийгтдэг.  Энд  тэд маань төрж, өсч, амьдралын түүхээ бүтээж, алаг хонгор үрсээ өсгөсөн.

Ээж минь өглөө бүр сүү, цайны дээжээ өргөж, аав минь алаг мориороо хөндлөн,гулд давхисан сайхан нутагт байгуулагдан 100 жил оршсон Шилүүстэй сумынхаа  ойд энэхүү дурсамжийг өргөн барив.

 

          Түмэнбаатарын дунд охин, сэтгүүлч Т.Бүдээхүү

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn