Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Сонгинын 4 дүгээр хэсгийн орчим “Туул” гол үерлэсний улмаас голын эрэг нурж, айл өрхүүд рүү үерийн ус орох эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Энэ тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 11:00 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн байгууллага, “УБЦТС” ТӨХК-ийн Баруун түгээх төв, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний хэлтсийн ажилтанууд голын эрэг дагуу 20 автомашин хайрга, дайрга буулгаж 180 метр хамгаалалтын далан байгуулж, усанд автсан цахилгаан дамжуулах агаарын шугамын 3 тулгуур багана буулгаж, 3 өрхийн 7 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Сонгинын 29 дүгээр гудамжинд гэр усанд автсан гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:20 цагт очиход иргэн Ү-ын 5 ханатай гэр усанд автсан байсныг 2 цаг ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.