Наадамчин олон Цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт морь үзэхээр ирэхийн зэрэгцээ хуушуур, айраг амталдаг уламжлалтай. Хаяа хаяагаа дэрлэн наадамчин олондоо үйлчилгээ үзүүлж буй хуушуурын газруудаар зочилбол айраг 1 литр нь 10 мянга төгрөг, аяга нь 5000 төгрөгийн үнээр зарагдаж байв.
Харин хуушуур хаа сайгүй 3000 төгрөгөөр зарагдах ажээ. Хуушуураа дагалдуулж, бор цай үнэгүй. Өнгөрсөн жил наадмын хуушуур 2500 төгрөгийн үнэтэй байсан бол өнөө жил 500 төгрөгөөр өсчээ.
Хорхог аяга нь 10 мянган төгрөгийн үнэтэй бол 40-ын бидон хорхог 150 мянган төгрөгийн үнэтэй.
Хүүхэд багачуудтайгаа морь, тэмээ унах залуус олон харагдлаа. Мөн бяцхан жаалуудад зориулсан тоглоом ч олон байна. Удирдлагатай машин 5 минут унахад 5000 төгрөг бол жижиг эргэдэг онгоцонд 5 минут суухад 5000 төгрөг. Хүүхдийн тоглоомууд 5000 төгрөгийн үнэтэй байсан нь өнгөрсөн жилийн үнэ ханшаараа байгааг илтгэв.
Улаанбаатар хотоос Хүй долоон худагт ирэхийн тулд автобус нэг цаг хүлээж ядаад арга буюу вокзал хүрч, УБ-Давааны буюу Хүй долоо худаг хүртэл үйлчилж буй галт тэргэнд суусан бол Хүй долоо худгаас автобусанд суухаар хүлээсэн иргэд 1 цаг орчим хүлээж ядаад Хүй долоон худгаас Таван шар хүртэл зорчих хувийн унаанд 10 мянган төгрөг төлөн, зорчиж байна.
Харин Цэнгэлдэх хүрээлэн-Хүй 7 худгийн автобусны барааг энэ удаа харж чадалгүй өнгөрлөө. Жижиг тэрэгнүүд 5 хүн суулган, 50 мянган төгрөгөөр Хүй долоон худгаас Улаанбаатар хотыг зорьж байгаа ажээ.