Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс парламентын ардчилсан тогтолцоотой болсноос хойш 30 гаруй жил болж байна. Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш 30 жилийн алдаа, гажуудсан зүйлийг засаж, тогтолцооны хувьд шинэ 30 жилийг эхлүүлэхийг зорьсон. Энэ хүрээнд “Алсын хараа 2050″ урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг улс төрийн намын удирдлагуудтай хэлэлцэн баталсан. Эхлүүлсэн олон ажил дуусахгүй, дунд нь замхардаг байлаа.
Парламентад дарга нарын төлөөлөл орно гэсэн ойлголттой байсан. Парламентад олон нийтийн төлөөллийг хангахын тулд холимог тогтолцоогоор сонгууль явуулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Сонгодог парламентыг бий болгохын тулд энэ санамж бичгийг байгуулж байна.
30 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө оруулна. Парламентад суудалтай бүх намаас санал авна. Шийдлээ хүлээж байсан маш олон ажлыг хурдтай шийдвэрлэнэ гэж итгэж байна. Парламентын шинэ 30 жил эхэлж байна. Мөн Монгол Улсын хөгжлийн шинэ 30 жил эхэлж байна” гэв.
АН-ын дарга Л.Гантөмөр “Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хамтарсан Засгийн газарт ажиллах санамж бичгийг байгуулж байна. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлын тодорхой хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар шийдвэрээ гаргасан. Энэ хүрээнд татварын дарамтыг бууруулахыг ажил хэрэг болгох ёстой гэдэгт санал нэгдсэн. Мөн бизнес хийхэд улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг байдлыг арилгахын тулд хамтарсан Засгийн газарт ажиллана” гэлээ.
ХҮН намын дарга Т.Доржханд “Өнөөдрөөс эхлээд шинэ хандлага, соёл улс төрд орж ирж байна. 30 жилийн хугацаанд улс төрийн намууд бие биедээ дэгээ тавьж, харлуулж байсан. Үүний үр дүнд хөгжлөө алдсан байдаг. Харин өнөөдөр намаа, өөрсдийгөө бус улс орны эрх ашгийг бодсон шийдвэр гаргаж байна” хэмээсэн.
Түүнчлэн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх товтой байна.