МАН-аас Засгийн газарт хамтран ажиллах хүсэлтээ АН-д хүргүүлжээ. Тиймээс АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж МАН-тай хамтарч ажиллах талаар хэлцэл хийж болох талаар шийдвэр гаргасан. Харин АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр 18 цагт цахимаар хуралджээ.
ҮБХ-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Нэгдүгээрт, Ардчилсан нам МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн бол, хоёрдугаарт, намын даргадаа үргэлжлүүлэн итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. АН-ын Үндсэн дүрэмд зааснаар, ээлжит сонгуульд олонх болж чадаагүй бол намын удирдлага хариуцлага хүлээдэг тогтолцоотой.
Тэгвэл энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН олонх болж чадаагүй учраас АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй удирлагын баг огцрох шаардлагатай гэж намын зарим нь үзэж байсан. Нөгөө хэсэг нь өмнөх УИХ-ын сонгуулийн үр дүнгээс амжилтаа ахиулсан гэж үзэж огцруулахын эсрэг байсан. Өмнө нь АН-аас 11 хүн УИХ-д сонгогдсон бол 2024 оны сонгуулийн үр дүнд энэ тоог 42 болсон билээ.
Ингээд ҮБХ Засгийн газарт хамтрах саналыг 92 хувиар дэмжсэн бол, Л.Гантөмөрийг АН-ын даргаар улираан ажиллуулахыг ҮБХ-ны гишүүдийн 85 хувь дэмжсэн ажээ.