“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” тэргүүтэй түншлэгч компаниудын удирдлагуудтай менежментийн гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ “Новотел” зочид буудалд өнөөдөр боллоо.
Хотын захирагч Х.Нямбаатар “Монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Улаанбаатарын анхны метроны зөвлөх үйлчилгээний компанитай гэрээ байгуулсан өдрөөс цаг хугацаа тоологдож эхэлнэ. Зөвлөх үйлчилгээний компаниудын үүрэг, хариуцлага эхэлнэ.
Цаашид энэ онд багтаж EPC тендерийн сонгон шалгаруулалтыг хийх шаардлага тулгарч байгаа.
2011 онд хийгдсэн “Soosung Engineering” компанийн ТЭЗҮ, 2014 онд “ЖАЙКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн урьдчилсан ТЭЗҮ-д үндэслэж, метроны нэгдүгээр шугамыг барих улс төрийн шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.
Улаанбаатар хотын дэргэдэх төслийн нэгжийнхэн тендерийн баримт бичгийг боловсруулах, ТЭЗҮ-д тулгуурлаж санхүүгийн схемийг гаргах, санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх судалгаануудыг хийж, өнгөрсөн оны гуравдугаар сарын эхээр PMC буюу метроны зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийг зарласны эцэст БНСУ-ын “Dohwa Engineering” тэргүүтэй түншлэлийн баг шалгарсан юм. Тус компани нь “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудтай түншлэл болж тендерт оролцсон.
Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуульд нийцүүлж, сонгон шалгаруулалтыг хийсний дараа хоёр долоо хоногийн турш хэлэлцээрийг хийж, өнөөдөр гэрээг байгуулж байна.
Улаанбаатарын метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17.7 км урт, 14 буудалтай байхаар төлөвлөсөн байгаа. Метроны дизайны хувьд 11 км нь газар дээр ил буюу гүүрэн байгууламжаар авто замын сүлжээнээс хоёр түвшинд огтлолцохгүй.
Харин хотын төв дотор метрог газар доогуур явуулах юм. Ингэснээр метроны босго өртгийг бууруулах, түүхэн барилга байгууламжийг унаган төрхийг хадгалж үлдэнэ.
Метроны төслийг эхэлсэн цагаас нийслэл улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүргээс Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа. Улаанбаатар хот татварын болон татварын бус орлогоор метроны төслийг 2029 он хүртэл санхүүжүүлнэ.
Урьдчилсан байдлаар метроны нэгдүгээр шугам 30МВТ орчим эрчим хүч хэрэглэх тооцоотой. Улаанбаатар хот энэ жил өөрийн санхүүжилтээр төвийн эрчим хүчний системд 200МВТ-ын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэхээр болж байгааг дуулгая.
Улаанбаатар хот дотооддоо бондын арилжаа хийж, 500 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Үүнээс нийт нэг их наяд төгрөг төвлөрүүлж, 600 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн эрчим хүний найдвартай хэрэглээг хангахад зарцуулах юм.
Аравдугаар сарын эхээр Бөөрөлжүүтийн ЦС-ын 150МВТ эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлэхээр гэрээлсэн” гэлээ.