Монгол улсын Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монголбанкны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд баруун бүс буюу Увс, Завхан, Говь-Алтай, Ховд аймагт нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан.
МАН-ын тойрогт өрсөлдөөд унасан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Харин Ч.Хүрэлбаатар Монгол Улсын мөнгөний бодлогыг зангиддаг төв банкыг удирдахаар нэр дэвшиж байна.
ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, Австралийн Сидней их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн тэрбээр Засгийн газрын гишүүнээр таван удаа томилогдон ажиллаж байсан бол УИХ-д дөрвөн удаа сонгогдон ажилласан юм.
С.Баярын Засгийн газрын үед Түлш эрчим хүчний сайд, С.Батболдын Засгийн газрын үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, У.Хүрэлсүхийн Засгийн газарт хоёр удаа Сангийн сайд, Л.Оюун-Эрдэнийн танхимд Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын алба хашиж байгаа.
Ч.Хүрэлбаатар Монгол улсын эдийн засгийн салбарыг сайтар мэддэгийн хувьд Монголбанкийг сайн удирдаж чадах байх гэх хүн олон байна.