МАН-ын өнгөрсөн жилүүдэд гаргасан бодлого, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн авлигатай хийх тэмцэл, эрмэлзэл тус намыг дахин олонх болгосон. Бүсчилсэн хөгжил, бүсчилсэн тойрог, 126 гишүүнтэй парламент, сонгуулийн тогтолцоо, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Шинэ хоршоо хөдөлгөөн”, байгалийн баялгийг тэгш хүртээх “Баялгийн сан” гэх мэт олон томоохон бодлогыг зоригтой хийсэн.
Засгийн газрын 5Ш ажиллагаа л гэхэд авлигатай тэмцэх бодлогыг амьдралд хэрэгжүүлэх эхний том алхмыг хийсэн. Утаа,түгжрэлдээ умбасан Улаанбаатар хотыг өөрчлөх “20 минутын хот” бодлогыг хэрэгжүүлбэл оновчотой л шийдэл.
Сонгогч олон түмэн ч энэ бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлээ хэмээн УИХ-д олонх болгосон. Гэвч сонгуулийн үр дүн гарангуут сөрөг хүчнүүдтэйгээ эвсэнэ хэмээн ярьж, энэ асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг хүртэл байгуулагдсан гэх. Эвсэл байгуулах асуудлаар нөгөө л том бодлогуудыг гаргасан, манлайлсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ажиллаж байна.
Тийм бол нэгдүгээрт, эхлээд бодлого дээрээ тохирч эвсэл байгуулах, эсэхээ ярья гэмээр байна. Албан тушаал дээр биш. Улстөр судлаачид ийм байр сууриа илэрхийлж эхэлжээ. Жишээ нь, МУИС-ийн С.Мөнхбат МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө “Эхлээд бодлого дээрээ тохирох хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Ирэх дөрвөн жилд бүсчилж хөгжих үү, “Шинэ сэргэлтийн бодлого” үргэлжлэх үү? “Шинэ хоршоо хөдөлгөөн”, “Баялгийн сан” төгөлдөржих үү? Сонгогчдын олонх нь ийм, ийм бодлогуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлээ гээд МАН-ыг сонгосон байтал өөр намуудтай эвсэж Засгийн газар байгуулах нь эдгээр бодлогуудыг сарниана.
Нөгөө талаар олонх болон сөрөг хүчин болсон намуудын алиных нь мөрийн хөтөлбөр түлхүү хэрэгжих вэ гэдэг ярвигтай асуудал.
Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрчим хүч, орон сууц, баялгийн сан, авлигын бодлогууд дээр АН, ХҮН намуудыг нэгдэхгүй бол эвсэх боломжгүйгээ ярьсан гэх мэдээлэл ч цацагдсан. Хэрэв тийм бол эвсэх асуудлыг эхнээсээ зөв ярьжээ гэсэн үг. Гэвч 68 суудал авсан эрх баригч нам яг ямар учраас сөрөг хүчнүүдтэй эвсэх гээд байна вэ? Гэдэг хамгийн чухал асуулт.
Дээр хэлсэнчлэн томоохон бодлогоо хэрэгжүүлэх улстөрийн таатай орчныг хүссэн үү, эсвэл АН дахь холбоотон болох Х.Баттулга нарын шахаас уу, эсвэл бүр гадны шалтгаантай юу? Юу ч байсан эхлээд ард иргэдийнхээ итгэлийг, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлогоо нэгд санах хэрэгтэй байна.
Эхлээд лав албан тушаал биш.
МАН—ынхны иш татаад байгаа үлгэр загвар болсон Шинэ Зеланд улс гэхэд харьцангуй өндөр хөгжсөн улс. Хөгжсөнийхөө хэрээр улстөрийн намууд нь төлөвшсөн. Манайд эсрэгээр хөгжил дорой, улстөрийн намууд нь төлөвшөөгүй. Энэ бүхнийг харгалзан зөвшилцөл, эвсэл ярих хэрэгтэй болов уу.