УИХ-ын ээлжит сонгуульд МАН ялж, 68 гишүүнтэй болж, Засгийн газраа дангаараа байгуулах боломжтой болсон. Гэвч 42 гишүүнтэй болж байгаа АН, 8 гишүүнтэй болж байгаа ХҮН-уудыг Засгийн газарт урьж байгаад гайхах, ундууцах тэр бүү хэл уурлах хүн нийт ард иргэдийн дунд олонхийг эзэлж байгаа. Учир нь сонгогчид хяналттай парламент ажиллаасай гэж л санал өгсөн. Тэр саналыг хяналтгүй болгож өөрчлөх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэхээс аргагүй.
Үнэндээ 4, 4 гишүүнтэй болж байгаа Н.Номтойбаярын Үндэсний эвсэл, ИЗНН хоёрт л сөрөг хүчний үүрэг оногдох нь. Тэгвэл эрх баригч МАН доторх шударга ёсыг эрхэмлэж байгаа жирийн болон дунд шатны гишүүд нь өөрсдөө сөрөг хүчний орон зайд гарч ирэх сурагтай.
Л.Оюун-Эрдэнийн ард түмэн яллаа гээд байсан ч яалаа УИХ-д сонгогдсон гишүүдийнхээ хүрээнд намын 300 мянган гишүүнийхээ эрх ашгийг ч хангалгүй, хяналтгүй Засгийн газар байгуулахаар яарах нь юуных вэ.
Энэ талаар Монголын улстөрд шинэ МАНАН гарцаагүй боллоо хэмээн олны дундах яриа дуулдана.
Үүнийг ойлгомжтой болгохын үүднээс Л.Оюун-Эрдэнэ нарын 6-7 жил тэмцээд гүйцэд дарж чадаагүй байгаа МАНАН анх хэрхэн үүсэж, бэхэжсэн тухай ярих хэрэгтэй болов уу.
МАНАН үүсэж бэхжин, Ц.Элбэгдорж хэрхэн “мангас” болов
Тэртээ 20 жилийн өмнөх УИХ-ын сонгуулиар эрх баригч байсан МАХН/МАН/ сонгуульд ялагдахаа шахаж, арайчүү 38 суудалтай болж билээ. Тиймээс Засгийн газраа томилж чадахгүй зун, намрын хоёр гурван сар үйлээ үзэж билээ.
Ардчиллын төлөөх намууд 2000 онд байгуулагдсаны дараа үүсэн бий болсон “Алтангадас” ТББ-д АН-ынхан голлож, дотор МАХН-ын Ж.Бямбадорж, Ц.Нямдорж нарыг багтаасан. Алсдаа АН-ын хамгийн том фракц болсон тэд 2004-2005 оны улстөрийн үйл явдлуудад гол дүрд тоглож байлаа.
Тэгээд Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, гудамжинд явсан Ц.Элбэгдоржийг урьж Ерөнхий сайд болгоод МАХН/МАН/ Засгийн газарт нь шадар сайд тэргүүтэй 10 сайдтай болж билээ. Гэвч байнгын огцруулах айдастай Засгийн газраа байгуулж дуусмагц нь, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар “Эх-Орон, Ардчилал” эвслээ задалж нам, эвслийн гишүүд нь орох байхаа олж ядан хэцүүдэж билээ.
Тэгмэгц тэрхүү эвсэлд байсан 24 гишүүн МАХН/МАН/-ын УИХ дахь бүлэгт багтан “бүдүүн бүлэг” гээчийг байгуулан алингаа алдсан. Бүр тэр үед л Б.Баабар “АН-ыг талийсан, дурсгалыг нь хүндэтгэе” хэмээн бичиж байж билээ. Тэрхүү МАХН-ын бүлгийн дэд дарга нь АН-ын дарга Р.Гончигдорж байсан гээд бод л доо. Тэдгээр гишүүдийг “тэлээ хурга”-нууд гэдэг байсан нь инээдтэй биш үү. Тэр дунд одоо Л.Оюун-Эрдэнийн засагт орох гэж байгаа Лу.Гантөмөр, Х.Баттулга нар ч байсан.
Дараагийнх нь 2008 оны сонгуулийн дараах 7-р сарын 1-ний эмгэнэлт хэрэг явдлын дараа бүрэн ялсан МАХН/МАН/ АН-д хамтрах санал тавьж, “стандарт бус” Засгийн газар байгуулж, дараа жил нь тэд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулж, улмаар саатаад байсан Оюутолгойн гэрээ /ХОГ/-ийг хийж билээ.
Түүний дараа С.Баяр нам, төрийн бүх албан тушаалаа Сү.Батболдод уламжлуулан үлдээгээд АНУ руу эмчилгээнд явснаар МАНАН бүлэг гээч төгөлдөржсөн гэдэг. Дараачийн 8-9 жилд МАНАН-гийнхан зөвхөн улстөр, эдийн засгийн хувьд манантсангүй. Хууль, шүүхийн байгууллагууд ер нь нийгмийн бүхий л салаа мөчир бүрийн толгой хэсэг манантсан. Тэр дундаа хуулийнхны манан бүр цадигаа алдаж билээ.
Бизнесийнхнийг дээрэмдэж, улсын том үйлдвэр, ордуудыг хууль бусаар булаан авсан хэргүүдийг тэд олноор нь үйлдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, Цагаан суварга, Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд л тэдний луйвар, дээрэм үргэлжилнэ. Тэднийг унгаагүй бол Багануурын уурхайгаас эхлээд бусад том үйлдвэр, компаниудыг ч авах байсан.
Хоёр сонгуулийн хугацааны энэхүү стандарт биш Засгийн газрууд МАНАН-г босгож, Ц.Элбэгдоржийг “мангас” болгосон товч түүх ийм.
Энэ удаагийн МАН, АН, ХҮН-ий эвслийг ийм хувь заяа хүлээж байхыг үгүйсгэхгүй.