Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж.
Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, голын голдирлыг өөрчлөн барьсан барилгуудыг нурааж, түшиц хана хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан дотор ургасан мод, бут сөөгийг чөлөөлөх, лаг хагшаасыг цэвэрлэж байна. НОБГ-ын дарга А.Дашням “Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжилсэн бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 82 см давж үерлэсэн. Туул гол ингэж үерлэсэн тохиолдол байхгүй. Жишээлбэл, 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшнийг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн юм. Өнөөдрийн байдлаар голын түвшин 267 см болж татарсан” гэв.
Түүнчлэн НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны өнгөрсөн долоо хоногт Дунд гол орчимд ажиллаж, “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол үерийн хамгаалалтын далан дотор ургасан бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Соёолжийн нүхэн гарцаас “АПУ” ХК хүртэл Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг нийт 17 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 40.000 шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргаад байна.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна. Бургасыг шилжүүлснээр үерийн хамгийн эрсдэлгүй нөхцөл байдал үүснэ” гэлээ.
Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Энэ онд 12 байршилд ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд ус зайлуулах шугам сүлжээг барьж дуусгасан бөгөөд Үндэсний их баяр наадмаас өмнө үлдсэн байршлуудад шугам сүлжээ барьж дуусгана гэдгийг ГУББГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ