Цаг уурын байгууллагын мэдээгээр зургадугаар сарын 23-ны өдөр Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-2.0 мм бороо оржээ. Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэхийг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Туул голын усны түвшин Улаанбаатар орчимд өмнөх өдрийн 20.00 цагаас хойш 33 см-ээр буурч, 286 см болсон байна. Харин үерийн аюултай түвшингээс 26 см-ээр ахиу байгаа бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын орчимд өмнөх өдрийн 20:00 цагаас хойш 35 см-ээр нэмэгдэн, 722 см буюу үерийн аюултай түвшинд хүрэхэд 2 см дутуу байна.
Хэрлэн гол үерийн аюултай түвшинг Багануур орчим 18 см, Мөнгөнморьт сум орчим 53 см-ээр давж үерлэсэн хэвээр байна. Мөн өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад бага зэргийн бороо орсон бөгөөд Төв аймагт үер, усны хоёр дуудлага мэдээлэл иржээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Туул голын эрэг дагуу буусан дөрвөн айл усанд автах эрсдэл үүссэн тул Онцгой байдлын газрын алба хаагчид нүүлгэн шилжүүлж байна. Үерт өртсөн айл, иргэн байхгүй.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол эргээсээ хальсны улмаас тус дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид хамтран нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрхийн 225 иргэн, гурван амралт, сувиллын газраас 79 иргэн, усанд боогдсон 80 иргэн, нийт 384 иргэнийг тус тус аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ.
Мөн нийслэлийн Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт Тэрэлж голын усанд боогдсон 80 иргэнийг тус дүүргийн Онцгой байдлын газар алба хаагчид аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Залаатын амны “Ривер сайд” амралтын газраас “Их тэнгэрийн ам” хүртлэх зам дагуу “Туул” голын ус эргээ халих эрсдэлээс урьдчилан сэргийлж тус дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 3600 шуудайтай элсээр, 260 метр далан босгосон.
Тус дүүргийн 20-р хороо “Монгол шилтгээн” амралтын газрын хашаанд Баянзүрх дүүргийн Онгой байдлын хэлтсийн алба хаагчид Чингэлтэй дүүргээс 100 тн хайрга, дайрга буулгаж 80 м газарт үерийн далан босгосон.
Мөн дүүргийн 26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт сэтэрсэн даланг 1240 тонн шороогоор боолт хийж, сэргээн засварлах ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар”-ын ажилтнууд гүйцэтгэж 3600 тонн ус соруулсан.
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдал, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Шуурхай штабаас хоёр алба хаагч газар дээр удирдлага, зохицуулалтаар хангаж ажилласан байна.