Өнөө шөнө цас үргэлжлэн орж, уулархаг нутгаар хасах хэмд хүрэхээр байгаа тухай Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсчээ.
Өнөө шөнөдөө /2024.06.21-22/ Сэлэнгийн Хүдэр сумын нутагт Хэнтий нурууны орчимд хуримтлагдах цасны хэмжээ 5-10 см, Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан цас орж, Улаанбаатар хот орчимд уулаараа хасах хэмд хүрч, шөнөдөө хальтиргаа, гулгаа үүсэхээр байна. Тиймээс хол, ойрын замд гарахгүй байх, дулаан хувцаслах, хувийн болон өрхийн бэлэн байдлыг хангах, зуслангийн айл, өрхүүд галлагаа хийх, амарч, зугаалгаар явж байгаа иргэд, аялагчид дулаан байранд хонохыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Үргэлжлэн орсон борооны улмаас гол усны түвшин нэмэгдэж үерийн эрсдэл үүсээд байгаа. Гол усны түвшин нэмэгдсэн талаар УОК-оос гаргасан мэдээлэлд: 2024 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрөөсөө 43 см- ээр, Туул гол босгын гүүр орчим 58 см, Сэлбэ гол Санзай орчимд 18 см -ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэжээ. Мөн Туул гол зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19 см-ээр нэмэгдэн олон жилийн дундажийг даван үерийн түвшинд хүрэхэд 7-15 см дутуу байгаа аж. Иймд голын эрэг дагуу суурьшиж нутагшиж буй малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.