Сэлбэ голын үерийн далан 2023 оны долоодугаар сарын 5-ны өдөр сэтэрч ойр орчмын орон сууцны хотхонууд усанд автсан. Энэ үеэр Улсын Онцгой Комисс “Aqua garden” хорооллын барилгын талбай дунд голын урсацыг сааруулж байна гэж мэдээлсэн юм.
Хотын дарга асан Д.Сумьяабазар уг хорооллын талаар “2008 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн” гэж байв. Тус хотхоны хоёр блокыг нураана гэдгээ мэдэгдсэн. Гэвч нураагаагүй, барилгын ажил нь одоо ч үргэлжсээр л байна.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Өчигдөр захиргааны хэргийн шүүх дээр энэ асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч хурал хойшилсон. Би шүүх хурлыг хүлээж байна. “Aqua garden” хотхоныг нурааж болно гэсэн шүүхийн шийдвэр гарчихвал бид нураахад бэлэн байна. Өмнөх Засаг дарга нураах шийдвэр гаргасан ч шийдвэрийг түдгэлзүүлээд, шүүхэд хандчихсан. Шүүхээс нураах шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Шүүхийн шийдвэр гармагц бид бид нураахад бэлэн байна” гэлээ.