Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар харийн түрэмгийллээс харилцан нэгнээ хамгаалах гэрээг Пёнян хотноо байгууллаа.
Хоёр удирдагчийн уулзалтын дараа Путин уг гэрээг байгуулснаа зарласан байна. Тэрбээр 24 жилийн дараа Умард Солонгост айлчилж байгаа юм.
Уг гэрээг байгуулснаар Солонгосын хойгт ямар нэг мөргөлдөөн гарвал Орос улс Пёнянд туслах, Москвагийн Украинд явуулж буй дайнд Умард Солонгос ил тод туслах боломж нээгдэж болзошгүй болжээ.
Путин, Ким нар өмнө нь өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Алс Дорнодод уулзсан билээ. Энэ уулзалтаар Умард Солонгос сум, зэвсгийн нөөцөөр ОХУ-д туслах, хариуд нь Оросын тал сансрын технологи шилжүүлж өгөх тохиролцоонд хүрсэн гэж ажиглагчид үздэг.
Тэр үеэс хойш Умард Солонгосын пуужин, их бууны сумыг Оросын арми Украинд хэрэглэж байгаа нь олон баримтаар тодорхой болсон. Гэхдээ сүүлийн өдрүүдэд Өрнөдийн орнууд өөрийн нийлүүлсэн зэвсгийг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах зөвшөөрлийг Украины армид өгсөн нь Оросын хувьд том асуудал болоод байгаа.
Өчигдөр Пёнянд Путин үүнийг олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилсэн. Путин Орос, Умард Солонгос хоёр улс Өрнөдийн орнуудын авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээний эсрэг хамтран тэмцэхээр болсныг мэдэгджээ.
Ким Жон Ун энэ үеэр хоёр улсын харилцаа “шинэ өндөр түвшинд” шилжсэнийг сайшаагаад Оросын Украинд явуулж буй дайныг “бүрэн дэмжиж” байгаагаа илэрхийлсэн байна.