Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр хуралдаж, нэн шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж байгаа.
Өнөөдрийн хурлаар үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр, хотын үерийн эрсдэлтэй бүсийн мастер төлөвлөгөөг боловсруулж, гүйцэтгэсэн талаар танилцууллаа.
Хэрэв дахин 1966 оны үертэй адил хэмжээний үер тохиолдвол Туул голд халилт үүсч, суурьшлын бүсэд өндөр эрсдэл тохиолдоно гэж дүгнэжээ.
Туул орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, ТЭЦ-4, Төв цэвэрлэх байгууламж усанд автаж, 40 мянган га талбай үүнээс 34900 га нь нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байгааг танилцууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан байна. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлэх аж.
Ингэхдээ 408 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, 88.4 км урт ул хөрсний түвшин бууруулах байгууламж, 290 км зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ барих юм. Энэ онд 22 байршилд үерийн хамгаалалтын 12 км барилга байгууламжийг шинээр барина. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварыг хийжээ.
Хуралдаан нэн шаардлагатай бусад асуудлуудын дараагаар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ.