Зайсан тойруу нэг чигийн урсгалтай болоод нэг жил болж буй. Гэвч Зайсан орчмын иргэд эсэргүүцсээр буй. Зайсангийн иргэд болон 1000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа гэж эсэргүүцлээ илэрхийлсээр байсан тул хөдөлгөөнийг хуучнаар нь буюу нэг чигийн урсгалыг өөрчлөх шийдвэр гарчээ. Уг нь нэг чигийн урсгалтай болсноор Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувиар, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн байна. Гэвч иргэд эсэргүүцсэр учраас “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдрөөс хуучин зохицуулалтаар явуулахаар болжээ. Ингэснээр оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замуудад ачаалал үүснэ гэж албаныхан анхаарууллаа.