Дөрвөн гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар эцэслэн баталлаа.
Ингэснээр наадмаар жороо морины уралдаанд хурдан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг олгохоор боллоо.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд дараах асуудлыг зохицуулсан байдаг.
Үүнд:
- 10.4.Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанд морь нь дөрвөн удаа түрүүлсэн, эсхүл найман удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач, морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд нэг түрүүлсэн, эсхүл хоёр удаа айрагдсан уяачид улсын манлай уяач, морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан, үүнээс улсын баяр наадамд хоёр удаа түрүүлсэн, эсхүл дөрвөн удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно.
- 10.5.Аймгийн баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид аймгийн алдарт уяач цол олгоно.
- 10.6.Сумын баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морь нь зургаан удаа түрүүлсэн, эсхүл 12 удаа айрагдсан уяачид сумын алдарт уяач цол олгоно.