О.Машбатыг Ерөнхий прокурорын орлогчоор томилох Ерөнхийлөгчийн саналыг өнөөдөр/2024.05.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар чуулганы нэгдсэн хуралдаанаар үг хэлэв.
Тэрбээр “Монполимет компанийн захирал Ц.Гарамжав гэдэг хүнийг баривчилсан гэсэн асуудал сошиалд явж байна.
Би бол Эдийн засаг, хөгжлийн сайд. Эдийн засагт манай хувийн хэвшлийнхний оруулдаг үүрэг асар их. ДНБ-ийн 80 хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэдэг.
Гаргаж байгаа мэдээг нь харахад Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хорьсон юм шиг юм яваад байна.
Хөгжлийн банкны асуудлыг шалгаад дуусчихсан баймаар юм. Яагаад ийм юм хийдэг дээр олон нийт гайхаж байна. Элдэв бусаар гүтгэх, нэр хүндийг нь гутаахын хажуугаар бизнесүүдийг, УИХ-ын гишүүн байсан хүнийг хорьж байгаад гайхаж байна.
Огт холбоогүй цаг үед энийг бол улс төрийн акц гэж үзэхээс өөр аргагүй байна. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон юм бол тэр үед нь шалгахгүй яасан юм бэ.
Прокурорын орлогчоор томилогдохоор болсон тохиолдолд эдийн засгийн өсөлт гарч буй хувийн хэвшил, тэр дундаа улсдаа томоохон бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийнхэндээ хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна. Эдийн засгийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн л бий болгодог. Заавал хорихгүйгээр шалгаад явж болдоггүй юм уу. Хориод, айлгах нь төрийн дарамт үзүүлээд байгаа юм шиг харагдаж байна. Эдийн засаг хөгжиж байж ажлын байр бий болж, иргэдийн орлого нэмэгдэнэ” гэлээ.