Өнөөдөр/2024.05.27/ Үндэсний номын сангийн шинэ салбарын нээлт боллоо.
Нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
Их Монгол Улсын үед Хар хорин хотод хаадын номын сан хөмрөг, Монголын эзэнт гүрний үед ном сурвалжийн сан хөмрөгийг байгуулж, төрөөс бодлогоор онцгойрон анхаарч байсан.
Үндэсний номын сан 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор байгуулагдаж байсан бөгөөд энэ хугацаанд олон мянган хүн ардыг соён гэгээрүүлэх үүргээ амжилттай биелүүлснийг энэ өдөр онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Бүх насныханд тэгш хүртээмжтэй үйлчлэх, олон улсын стандарт бүхий номын сангийн шинэ барилга нээгдэж байна.
Орчин үеийн, техник технологийн дэвшлийн улмаас дэлхий дахинаа хүүхэд залуучуудын ном унших дадал, зуршил буурч байна.
Эрдэм номыг дээдэлдэг, хүүхэд, залуучуудын ном унших, ойлгох чадварыг сайжруулж, номын сайн нөхөр болгон хүмүүжүүлэхийн төлөө хүн бүр сэтгэл гарган ажиллахыг ард иргэддээ уриалж байна. Үүнд энэхүү номын сан түүхэн үүргээ гүйцэтгэх байх гэдэгт итгэлтэй байна.
Шинэ номын сандаа таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэмж, олгохоор болссныг дуулгахад таатай байна.
Төв номын сан бол манай улсын түүхэн, маш дурсгалтай газар. Тиймээс номын сангийн үүдэн дээр хууль бусаар баригдаж буй барилгыг буулгах нь зүйтэй гэдгийг дахин сануулая.