Энэ цагаас зуун жилийн өмнө буюу 1912 оны хоёрдугаар сарын 9-нд Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын хаан Богд Жибзундамба лүндэн буулгаж, Монгол Улс нийслэлтэй болсныг зарлан хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэж хотол олноороо өдөржин баярлан наадаж байсан гэдэг.
Хүрээ гэх энэ нэршлийг Монголчууд хэдэн зуун жилээр хэрэглэж ирсэн бөгөөд манай түүхийн их товчоон МНТ-нд хүрээний тухай олонтаа дурдсан нь бий. Мөн “Олон гэр цагираг мэт тойрон талд буудалласныг хүрээ гэдэг байсан юм…”, “Эрт үед ямар нэгэн аймаг аль нэгэн газар цагираг мэт тойрон буудаллаж, түүний дунд ахлагчийн гэр байдаг байсан, түүнийг хүрээ гэж нэрлэж байжээ” гэж 13 дугаар зууны үед Рашид-Ад-Дин бичиж байжээ.
100 жилийн өмнөх үеийн хүрээнийхнийг “Харчуудын хорооныхон” ч гэцгээж байсан бөгөөд тухайн үедээ Монголын соёлыг гадаад дотоодынхонд таниулдаг хүмүүс байж.
Тэдний аж амьдрал, ахуй соёл, боловсролын байдал ихээхэн өвөрмөц ялгааг харуулж байсан ба үнэндээ байх ёстой зүйлийг л хийж байсан нь тухайн үедээ онцгой мэт харагдуулдаг байсан гэлцдэг.
Олноо өргөгдсөн Богд хааны лүндэн бууснаас хойш эдүгээ зуун жил өнгөрчээ. Нийслэл хүрээ нэрээ өөрчилж Улаанбаатар болоод бас 88 дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Мөн “хүрээ соёл” нь “хотын соёл” хэмээгдэх болж, орчин цагийн хотын иргэд ямар байх ёстойг харуулах хэв маяг нэгэнт болов. Зуун жилийн өмнөхөөс ялгаатай нь хүрээний соёлжсон хэсэг нь өвөрмөц харагдаж байсан бол өнөөдөр хотын соёлжоогүй хэсэг нь өвөрмөц харагдах болоод байгаа нь учиртай.
1961 онд Улаанбаатар хотноо болсон нэгэн хуралд ирж оролцсон Вьетнамын нэгэн төлөөлөгч нийслэлийг маань “Азийн цагаан дагина” гэж нэрлэсэн гэдэг. Гэвч өнөөдөр хэн ч “Азийн цагаан дагина” гэж нэрлэж түвдэхгүй. Харин ч Утаанбаатар гэх нь бий. Гэхдээ хотын утаанаас илүү өнгө дарах зүйлс олон байгаа болохоор хотын соёл-хүрээ соёлоо үгүйлээд байгаа нь тэр.
Манай хот ардчиллын жилүүдээс өмнө уг нь гайгүй ногоон байгууламжтай, хүүхэд залуус түүгээр зугаалж, тоглож нааддаг байсан сайхан цаг бий. Тэгвэл эдүгээ ийм ногоон ургамалтай газар үзээдхэе гэсэн ч ховор. Үүнийг дурсахад ч хэцүү санагдаад байна.
Дараагийн нэг жишээг дурдая л даа. Байранд амьдардаг нэг нь цонхыг хогийн сав гэж харах сэтгэлгээтэй. Үүнд хэлмэгдсэн нэгэн ийн өгүүлсэн байх аж. “Байрныхаа гадаа машинаа хонуулаад өглөө гарч ирэхэд машин дээр минь дүүрэн будаатай хуурга. Бор шувууд ч тоохгүй байгааг нь бодвол шинэхэн зоог биш бололтой. За яах вэ, цайны дээжний цацал бол ойлгомжтой юундаа бухимдах билээ. Харин будаатай хуургыг юу гэж ойлгох нь тодорхой. Өөрийнхөө л нүдэнд харагдуулахгүй байхын тулд хогийг цонхоороо шидэж орхидог хүмүүсийг гэртээ цэвэрлэгээ хийсэн гэх үү, эсвэл орчноо бохирдуулсан гэх үү. Цонхон доогуур нь яваа гэм зэмгүй жаалууд оногдож гэмтвэл яана гэж ухаарахгүй байгаа нь даанч харамсалтай” гэхчилэн өгүүлжээ.
Манай нэг найз үүнтэй төстэй хэргийн хохирогч болж байсан. Тэр шинэхэн авсан машинаа байрныхаа гадаа тавьж хонуулаад өглөө гарч ирэхэд машиных нь урд талын том шил хагарсан байж. Энэ нь хэн нэг хүн шар айраг уугаад шилийг нь цонхоороо шидсэнээс үүдсэн хэрэг байсан. Нээрээ ч энэ бол арай дэндүү явдал. Мөн одоогийн хотынхон автобус, машиныхаа цонхыг бас л хогоо хаядаг нүх гэж ойлгодог болсон.
Бас нэг жишээ, гэр хорооллынхон соц нийгмийн үед хашаандаа заавал муу усны нүх ухдаг байлаа. Ингэснээр өвөл цагт нийтийн эзэмшлийн гудамжиндаа угаадсаа асгадаггүй байсан. Одоо тэгвэл хүний эрхээ эдлээд хашаанаасаа гаргаж л байвал болоо гэж үздэг юмуу гудамжаараа нэг угаадсаа нэлийлгээд хөлдөөчихөж байгаа юм. Тэгээд түүн дээрээ өөрсдөө халтирч унаад гар хөлөөс эхлээд эд эрхтэнүүдээ гэмтээчих гээд болохгүй болохоор нь үнсээ гаргаад дээр нь асгачихна. Тэр нь хавар болохоор хотын шороотой цуг хийсэн Улаанбаатар хотыг үнсэн хот болгож орхидог болсон. Энэ бол арай дэндүү хэрэг.
Дараагийн нэг жишээ, за согтуу галзуу нөхдүүд хаана яваагаа мэдэхгүй гудамжинд сариад зогсож байдаг. Тэгвэл эрүүл саруул ганган дэгжин охид залуус байшин бүхний булан тохойд морь харах бүр балин тавих нь манай хотод байнгын үзэгдэл. Үүнээс болоод манай хотын бараг бүх л байшингаас урин дулааны цагт шээс шивтэр байнга ханх тавьж байдаг. Нарантуул зах уг нь их том нэртэй. Олон улсын худалдааны төв гэсэн. Гэтэл тус захын гадуурх хашаанаас тэр чигтээ шивтэр ханхалж байдаг.
Тэгэхээр ядаж хотын соёлд хотынхноо сургах хэрэгтэй болжээ. Үүний төлөө “соёлын довтолгоон”-ыг хотын соёл сэдвээр дахин эхлүүлсэн ч болохоор санагдаж байна. Гэхдээ энэ удаа нийслэл хотод засаглаж байгаа АН-ынхан довтолгоо гэдэг үгэнд ихэд дургүй. Тэгсэн мөртөө өөрсдөө сонгуулиас хойш байнга довтлоостой байгаа билээ. Тэгэхээр соёлын довтолгоо гэдэг нэрээр биш юм гэхэд соёлжуулах аян ч гэдэг юмуу нэр бодож олоод ажил зохион байгуулаасай гэж хүснэ.