Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүмүүс урд өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан тохиолдол байхгүй.
Н.Энхбаярыг 2012 оны сонгуульд нэр дэвших гэж байхад нь Ц.Элбэгдорж, Б.Билэгтээ СЕХ-нд оруулж, бүр арга ядсан тайлбараар нэр дэвшүүлээгүй хэмээн саяхан тэр ярьж байна лээ.
Тэгвэл энэ 2024 оны сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшиж олныг гайхшруулж байна.
Ерөнхийлөгч байсан хүний эрх мэдлийн төлөөх энэхүү зүтгэлийг УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд ярилцлага өгөхдөө “Ерөнхийлөгч байсан хүн УИХ-ын гишүүн болно гээд явж байгаа нь хулгайгаасаа болж шоронд орохгүйн тулд хуулийн хамгаалалт хүсэж яваа хэрэг” хэмээсэн байна. Энэ бол үнэний хувьтай тодорхойлолт.
Х.Баттулга Ерөнхийлөгч болохынхоо өмнө “Шинэ төмөр зам”-ын асуудлаар шалгагдаж байсан. Түүнийг дагагсад ч уг хэргээр шалгагдаж байв. Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш уг хэрэг яригдахаа больж, улмаар хаагдсан бололтой байдаг. Тэр нь Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын төслийн хүрээнд 280 сая ам.доллараар шороо овоолсон хэмээх хэрэг л дээ.
Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайд өмнөх 30 жилийн хамаг булхай луйврыг шалгаж, гэмтнүүдийг гэсгээнэ, цэгцэлнэ гэж ярьсаар байгаа. Удахгүй уг асуудлыг ч сөхөх байх. Тиймээс Х.Баттулга ийнхүү УИХ-д орж халдашгүй бүрэн эрхтэй болж авахыг хүсч яваа бололтой.