“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлт өнөөдөр болж байна. Тус гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарав. Энэ өдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд хотын төвийн зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Марафоныг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нээж “Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монголд ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг жилд дунджаар 30,000 орчим хүн оролцдог. Үүнээс Улаанбаатар марафон нь нийслэлчүүд бидний соёл болон төлөвшиж буй нь харагдаж байна” гээд нийт оролцогчдод амжилт хүслээ.
Олон улсын энэхүү гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой.
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг өдөрлөг болгон зохион байгуулж, өргөн цар хүрээг хамруулан, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой ажээ.