НҮБ-ын Онцгой байдлын сангаас зуданд нэрвэгдсэн малчдад нийт 1.55 сая ам.долларын тусламж олгожээ. Уг тусламжийг зуднаар хамгийн их хохирол амссан малчин өрх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд зорилтот бүлгийн нийт 12 мянга гаруй иргэнд хүргэх ажээ. Малчдад бэлэн мөнгө тараахаас хэрэгцээт хүнс, ахуйн хэрэглээ хүргэх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, мал сүргийг вакжинжуулахад энэ тусламж зарцуулагдах юм.
Тусламжийн 350 мянган ам.долларыг НҮБ-ын Хүн амын сан, 500 мянган ам.долларыг Хүүхдийн сан өөрийн чиглэлийн дагуу тус тус зарцуулах бол 2000 өрхийн амьжиргаанд зориулж нэг өрхөд 660 мянган төгрөг өгөх ажээ.
Тусламжийн 700 мянган ам.долларыг НҮБ-ын ХХААБ-аас мал сүргийг вакцинжуулахад болон бэлэн мөнгөний тусламж үзүүлэхэд зарцуулах ажээ. Нийт 7 сая тун вакцин мал сүргийг эрүүлжүүлэхэд шаардлагатайгаас НҮБ-ын тусламжийн шугамаар 2 сая тунг өгөх ажээ.
Малчдын өрхийн амьжиргаанд тусламж үзүүлэхээс гадна жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд хүнсний нэмэлт тэжээл, хүүхдүүдэд шим тэжээлтэй хоол хүнс зэргийн багц мөн охид эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багц гаргажээ. Улсын хэмжээнд өнгөрсөн зуднаар нийт 7,4 сая мал хорогдож 340 гаруй малчин бүх малаа алдсан байна.
НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа “Цаашид Монгол Улсын Засгийн газар уламжлалт мал аж ахуйдаа техник технологи, инноваци нэвтрүүлэх шаардлагатай нь энэ зуднаар харагдлаа” гэв.