Бурхан багшийн их дүйчин буюу маргааш бүх нийтээрээ амарна. Тэгвэл Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хэрхэн тэмдэглэж, ямар буян хийх вэ?
Гандантэгчэнлин хийдийн Хансүр, МУСГЗ, гавж Ё. Амгалан:
Монголчууд Их дүйчин өдрийг таслалгүй өдий хүрч ирсэн. Улсаас хуульчлаад, бүх ард түмнээ буян хийгээсэй хэмээн амралтын өдөр болгож өгсөн. Хүн зүгээр амраад хэвтэх бус, сайн сайхны төлөө, буян хураахын төлөө хөдөлмөрлөх, хичээх ёстой.
Өглөө эртлэн босож бурхан тахилаа тахиж, Бурхан багшийн зүрхэн тарни “Дадьята ум муни муни маха муни еэ сухай” тарнийг уншиж, зул хүжээ өргөж, эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амгалан, жаргалтай байгаасай хэмээн буян хийвэл буян сайн болно.
Энэ өдөр хүн болгон л буян хийнэ гэдэг. Гэтэл бурхан шашны хамгийн шимт буян бол сайхан сэтгэл юм.
Сайн сэтгэл бол бодь сэтгэл. Хийж байгаа буянаа хамаг амьтанд тустай байгаасай гэсэн сэтгэлээр хийвэл хамаг буян буянтай болно.
Бурхан багшийн зүрхэн тарни болох “Дадьята ум муни муни маха муни еэ суухаа” тарнид хамаг амьтныг энэрэн нийгүүлсэх сэтгэл төрөн арвитаж, буяны үйл бүтэхийн ерөөл оршсон гэж үздэг ажээ.
Маргаашийг дуустал Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнө заларч буй бурхан багшийн дүрүүдэд усан тахил өргөж буй. Усан тахил өргөхөд хялбар, харам, омог, уур зэрэг муу сэтгэлийн гэмгүй тул эрхэмлэн өргөж иржээ.
Гунгаачойлин дацангийн шунлайв, МУСГЗ, гавж Ө. Гүндсамбуу ийнхүү тайлбарлав.
Тэрбээр “Тахил бол ерөөсөө харамгүй байх ёстой. Усан тахил бол мөнгө төгрөг гарахгүй хамгийн хялбар тахил. Усгүйгээр юу ч байхгүй.
Бурхан багшийн Их дүйчин өдөр хилэнц хийхгүй, нүглийг тэвчинэ. Бүгдээрээ жаргалыг хүсдэг. Нохой, гахай, мал хүртэл жаргалыг хүсдэг. Тэр хүсээд байгаа жаргал сайн сайхан үйлсээс гардаг. Бусдад ямар нэгэн хэлбэрээр хорлолгүй зөв явдал, зөв сэтгэл, зөв хэл амтай байх хэрэгтэй. Долоон гишүүнт залбиралын нэг нь тахил өргөх гэж байдаг.
Нэг цөгцөн дотор ус хийгээд, далай шиг усан тахил өргөж байна гэж сэтгэлээрээ хувилгавал маш их буян хураана.
Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд